Япон улс дэлхийн тэргүүлэх зээлдүүлэгч улс байхаа болж, энэхүү байрыг ХБНГУ эзэллээ. Ийнхүү 34 жилийн турш тасралтгүй хадгалж байсан дэлхийн тэргүүлэх зээлдүүлэгч улсын байр сууриа Япон улс алдаад байна.
Мягмар гарагт Япон улсын Сангийн яамнаас гаргасан статистик тайланд дурьдсанаар тус улсын бусад улс орнуудад олгосон нийт зээлийн хэмжээ 2024 оны эцсийн байдлаар 533.05 их наяд иен буюу ойролцоогоор 3.7 их наяд ам.доллар байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13%-иар өссөн үзүүлэлттэй гарсан хэдий ч ХБНГУ-ын үзүүлэлтийг давж гарч чадаагүй байна.
Дэлхийн бусад улс орнуудад олгосон ХБНГУ-ын нийт зээлийн хэмжээ 569.7 их наяд иенд хүрч, өнөөдрийн байдлаар дэлхийн тэргүүлэх зээлдүүлэгч улс боллоо.
Жагсаалтын гуравт нийт 516.3 их наяд иенийн зээл олгосон БНХАУ бичигджээ.
Тухайн улсын засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдийн гадаадад эзэмшиж буй хөрөнгийн хэмжээнээс гадаадын аж ахуйн нэгжийн тухайн улсад эзэмшиж буй хөрөнгийн хэмжээг хасч тооцоолон тайланг гаргажээ.
Японы бизнес эрхлэгчид өнгөрсөн жил АНУ, Их Британи, Нидерланд зэрэг барууны голцуу улс орнуудын банк санхүү, даатгал, жижиглэн худалдаа зэрэг салбаруудад шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр гадаад активын хэмжээ өссөн боловч иенийн ханш суларсан нь тэргүүний зээлдэгч орны статусаа алдахад хүргэсэн байна.
Эсрэгээрээ өнгөрсөн жил иений эсрэг еврогийн ханш 5 орчим хувиар өссөн нь Герман улсыг тэргүүн байр эзлэхэд нөлөөлсөн хэмээн эх сурвалжууд мэдээллээ.