УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонсохоор товлогдсон ч хамтарсан хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй хэвээр байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ирц хангалтгүй байгааг шүүмжиллээ
Тэрээр ,”Өнөөдөр хоёр байнгын хороо хамтраад хуралдаж байна. 36 гишүүн хуралдах ёстойгоос энд 6 гишүүн ирсэн байна. Парламентад орж ирээд тангараг өргөсөн гишүүд байнгын хорооныхоо хуралд суух үүрэгтэй. Одоо сүүлдээ орж ирээд ирцдээ ороод өгөөч гэж гуйдаг хэмжээнд очиж байна. Ажлын хэсэг гээд 20 гаруй хүн сууж байхад бид нар хэлэлцэх гээд 5-6 хүн л сууж байна. Цаашид Монгол төрийн ажил ингэж явдаг байх юм уу? Болно, бүтнэ, хийнэ, хэрэгжүүлнэ гээд л бүгд их хурлын танхимд орж ирснээ санах хэрэгтэй” гэв.