Герман, Украин улсууд алсын зайн тусгалт зэвсгийн үйлдвэрлэлд хамтран ажиллахаар тохиролцсон талаар хоёр улсын удирдагчид лхагва гарагт мэдэгджээ.
ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц, Украины ерөнхийлөгч В.Зеленский нар лхагва гарагт Берлин хотноо уулзаж, уулзалтын үеэр ОХУ-ын эсрэг арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна.
Уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Украины төрийн тэргүүн ОХУ-д бүхий л чадал боломжоороо дарамт шахалт үзүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
В.Зеленский хэлэхдээ, хоёр улсын удирдагчид Украинд зэвсэг үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд үүнд алсын зайн тусгалт пуужин болон дроны үйлдвэрлэл багтаж байгааг дурьджээ. Мөн хоёр талын засгийн газрын холбогдох албаны хүмүүс үйлдвэрийн барилга байгууламжийн гэрээг үзэглэснийг тэрээр онцолсон байна.
Фридрих Мерц мөн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ыг цаг хожиж байгаа талаар хэлж, сүүлд Киев үзүүлсэн томоохон агаарын цохилтыг “энхийн яриа хэлэлцээ байгуулахыг хүсэж буй улсын зүгээс гаргах үйлдэл биш” хэмээн тодорхойллоо. Мөн тэрээр Украины батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх хүрээнд хоёр улс алсын зайн тусгалт зэвсгийн үйлдвэрлэлд хамтран ажиллахаар болсныг зарласан байна.
ХБНГУ-ын Канцлер өмнө нь буюу даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Герман, Франц, Их Британи улсууд өөрсдийн алсын зайн тусгалт пуужингуудаа Оросын газар нутагт харван ашиглахыг нь Украинд зөвшөөрч, өмнө нь байсан хязгаарлалт үгүй болсныг хэлсэн юм.
Ф.Мерц, В.Зеленский нарын уулзалтаас олон улсын анхаарлыг татаж байсан 500 км зайд хүрч тусах чадалтай Германы Таурус пуужинг Украинд нийлүүлэх эсэх асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд ХБНГУ-ын Канцлер энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
ХБНГУ нь дайн эхэлснээс хойш Украинд үзүүлсэн зэвсгийн тусламжийн хэмжээгээрээ АНУ-ын араас хоёрт бичигдэж байгаа юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Берлин-Киевийн хооронд байгуулсан дээрх хамтын ажиллагааны хэлэлцээрийг шүүмжилсэн байна. Тэрээр Оросын төрийн өмчит телевизэд өгсөн ярилцлагадаа Герман, Украин улсуудын энэхүү үйлдэл нь энхийн төлөөх хүчин чармайлтад саад болж байна гээд, “хэдийгээр ийм өдөөн хатгасан үйлдэл, саад тотгорууд гарч байгаа ч тэдгээрийг үл харгалзан Орос улс энхийн үйл явц үргэлжилж, Москва, Киев хоёр дахь шатны хэлэлцээг хийж, санамж бичиг солилцоно гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Мөн тэрээр “АНУ-ын нэгэн адил ОХУ-д ч бас үндэсний ашиг сонирхол байдаг ба энэ нь бидэнд маш чухал ач холбогдолтой” гэжээ. Песков мөн энхийн гэрээ хэлэлцээр байгуулахад чиглэгдсэн харилцан ойлголцлын санамж бичгийг тун удахгүй Украинд илгээнэ гэдгийг хэлсэн байна.
Талуудын хооронд энэ сарын 16-ны өдөр Туркийн Истанбул хотноо энхийн асуудлаарх шууд яриа хэлэлцээ явагдсан билээ.
Энэ үеэр галын шугаманд дайн үргэлжилсээр байгаа бөгөөд Зеленский мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ ОХУ галын шугам руу сар бүр 45 мянган цэрэг илгээж байгаа бол Украин улс 25-27 мянган цэрэг илгээж байгаа гэсэн юм.
Түүнчлэн сүүлд Украинд үзүүлсэн Оросын томоохон агаарын цохилтын хариуд лхагва гарагт Украины зүгээс 300 орчим дроноор довтолсон байна. Орон нутгийн цагаар лхагва гарагийн үүрээр үзүүлсэн дээрх цохилтын талаар ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдэгдэл хийж, ОХУ-ын 13 бүс нутагт 300 орчим дроноор довтолсны 296-г агаарт буудан устгасан гэжээ.