Трампын засаг захиргаа мягмар гарагт гадаад оюутны визийн ярилцлагыг түр зогсоож, улмаар олон улсын оюутнуудын ашиглаж буй нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг хянан шалгах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
Трампын засаг захиргаа АНУ-д суралцахаар өргөдөл гаргаж буй олон улсын бүх оюутнуудын нийгмийн сүлжээний хэрэгслийг шалгаж үзэхийг шаардах талаар хэлэлцэж эхэлснийг Америкийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд энэхүү хяналт шалгалтын шаардлагыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт суугаа АНУ-ын Элчин сайдын яам, консулын газруудад оюутны болон солилцооны зочин виз мэдүүлэгчдийн шинэ ярилцлагыг зогсоохыг засгийн газраас даалгасан байна.
Хэрвээ Трампын засаг захиргаа энэхүү хяналтын төлөвлөгөөг хэрэгжүүлбэл АНУ-д ирж суралцдаг олон улсын оюутнуудын төлбөрөөс санхүүгийн орлогоо нэмэгдүүлдэг Америкийн олон их сургуулиудад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Сүүлд Харвардын их сургуульд олон улсын оюутан элсүүлэхийг нь зогсоох арга хэмжээ аваад байгаа Трампын засаг захиргаа мөн Харвардын их сургуульд олгодог төрийн санхүүжилтийг дахин 3 тэрбум ам.доллараар танана хэмээн сүрдүүлсэн юм.
Д.Трамп Харвардын их сургуулиас бүх гадаад оюутнуудын “овог нэр, иргэншил”-ийн мэдээллийг өгөхийг шаардсан бөгөөд хэрвээ Харвардад суралцаж буй гадаад оюутнуудын жагсаалтыг гаргахгүй бол холбооны засгийн газар тус сургуулийн 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг танаж, дээрх санхүүжилтийг улсын хэмжээнд мэргэжлийн сургуулиудад зарцуулж хуваарилах талаар авч үзнэ гэжээ.
Одоогийн байдлаар Харвардын их сургуульд 140 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 6800 орчим гадаад оюутан, судлаачид суралцаж байгаа бөгөөд тэдний ихэнх нь аспирантын сургалтанд хамрагдаж байгаа ажээ. Мөн тус их сургуулийн мэдээлснээр, 2023 оны намрын хичээлийн жил хүртэл гадаад оюутнууд сургуулийн нийт оюутны 27 гаруй хувийг бүрдүүлж байсан гэжээ.
Тэгвэл Трампын дээрх шийдвэр, сүрдүүлгийг эсэргүүцэж, мөн тус сургуульд суралцаж буй гадаад оюутнуудад дэмжлэг үзүүлэх жагсаалын арга хэмжээг Харвардад суралцагч дотоодын оюутнууд зохион байгуулсан байна. Мягмар гарагт зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Америк оюутнууд засгийн газрыг дээрх арга хэмжээнүүдээ цуцлахыг шаардаж, уриалсан байна. Харин Харвардын гадаад оюутнуудын дийлэнх нь Трампыг эсэргүүцсэн тохиолдолд албадан гаргах эрсдэлтэй тулгарах тул жагсаал цуглаан зохион байгуулах, оролцохоос эмээж байгаа ажээ.