horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Элон Маск Трампын засаг захиргааг орхин гарч байгаагаа зарлав

post-img

АНУ-ын Засгийн газрын бүтээмжийн департаментын тэргүүн, тэрбумтан Элон Маск Трампын засаг захиргаан дахь өөрийн үүрэгт албан тушаалаасаа бууж, гарч байгаагаа лхагва гарагт зарласан байна. 

Тэрээр өөрийн Х хуудсанд засгийн газрын үр ашиггүй, хий дэмий зардлуудыг танаж багасгах боломжийг олгосон явдалд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад талархал илэрхийлжээ.

Мөн түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимд дэмжигдэж, Сенат руу шилжээд байгаа татвар хөнгөлж, төсвийг танах тухай Трампын “One Big, Beautiful Bill Act” хэмээх хуулийн төсөл дээр ерөнхийлөгчтэй санал зөрөлдсөн учраас ажлаа өгөхөөр болсноо тайлбарласан байна.

Э.Маск дээрх хуулийн төсөл нь төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлэх бөгөөд өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтээмжийн департаментын хийсэн бүх ажлыг үгүй хийж, дорд үзэж байна хэмээн хэлсэн байна. 

Гэхдээ тэрээр өөрийн удирдаж байсан яамны үйл ажиллагаа цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхэгжих болно гэдгийг онцолжээ.

Ийнхүү 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг дэмжин оролцож, түүнд хамгийн өндөр хандив өгч, ялалт байгуулж дахин сонгогдоход нь зарим нэг талаар нөлөөлж, тусалж дэмжсэн тэрбумтан Элон Маск засгийн газарт 4 сар ажиллаж, 260 мянган төрийн албан хаагчдыг ажлаас нь халсныхаа дараа гарч байна.

Харин өнгөрсөн хугацаанд түүний хувийн бизнес нэлээд зовлон амсаад байгаа юм. Түүний цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн худалдааны хэмжээ оны эхний улиралд 13%-иар унасан тус компанийн түүхэнд байгаагүй доогуур үзүүлэлт болсноос гадна хувьцааны ханш нь 10%-иар унаад байгаа билээ.

Элон Маск мягмар гарагт Катарын нийслэл Доха хотноо зохиогдсон эдийн засгийн форумд оролцож, илтгэл тавих үеэрээ ойрын 5 жилийн хугацаанд Tesla компанийг удирдан ажиллах болно гэдгээ хэлсэн байна.

0/1000