horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

ОХУ энхийн хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг ирэх даваа гарагт Украинд танилцуулахад бэлэн гэв

post-img

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх даваа гарагт Туркийн Истанбул хотноо Орос-Украины энхийн хэлэлцээрийн асуудлаарх хоёр талын ээлжит шууд яриа хэлэлцээг явуулж, энэ үеэр Украины дайныг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулахад Кремлийн зүгээс тавьж буй нөхцлүүдийг багтаасан харилцан ойлголцлын санамж бичгийг Украины талд танилцуулахад бэлэн гэдгийг мэдэгджээ.

С.Лавров лхагва гарагт Москва хотноо хийсэн мэдэгдэлдээ ОХУ энхийн хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг боловсруулж дууссан бөгөөд 6-р сарын 2-ны өдөр Истанбул хотноо хоёр талын дараагийн шууд яриа хэлэлцээг явуулах саналыг мөн тавьсан бөгөөд түүний мэдэгдэлтэй холбогдуулан Украин улсын зүгээс Москватай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэдий ч Оросын талын нөхцлүүдтэй эхлээд танилцана гэдгээ тодотгожээ.

Лавров хэлэхдээ, энэхүү санамж бичигт хямралын үндсэн шалтгаан болсон асуудлуудыг хэрхэн даван туулах тухай ОХУ-ын бүх талын байр суурийг тодорхойлсон гэжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд мэдэгдэл хийснийхээ дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод ирэх долоо хоногийн эхээр Истанбулд шууд яриа хэлэлцээ явуулах санал тавьж, харилцан ойлголцлын санамж бичгийг бэлэн болгосноо мөн утсаар холбогдон товч мэдэгдсэн талаар ОХУ-ын ГХЯ мэдээллээ.

Лхагва гарагт мөн хоёр талын өмнөх шууд яриа хэлэлцээнд Оросын талын төлөөлөгчдийн багийг даргалан оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зөвлөх туслах Владимир Мединский ээлжит яриа хэлэлцээг явуулах газар, товын талаар Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой холбогдон танилцуулснаа өөрийн Телеграм хуудсанд нийтэлсэн байна.  

Орос, Украины өндөр албан тушаалтнуудын шууд яриа хэлэлцээ энэ сарын 16-ны өдөр явагдсан ч гал зогсоох тохиролцоонд хүрч чадалгүй, зөвхөн яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх болон тус бүр 1000 хоригдол цэргийг харилцан солилцохоор тохиролцсон юм.

Эхний уулзалтын дараа АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүд утсаар холбогдон ярилцаж, улмаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энхийн гэрээ байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Украины талтай байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талууд өөрсдийн боловсруулсан баримт бичгүүдээ солилцох гэнэ.

0/1000