Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху Хамас бүлэглэлийн удирдагч Мохаммед Синвар алагдсан болохыг лхагва гарагт батлан мэдэгдсэн байна.
Тэрээр Израилын парламентад үг хэлж, Израилын зэвсэгт хүчний Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны үеэр алагдсан Хамасын удирдагчдыг нэрлэх үеэрээ Хамас бүлэглэлийн удирдагч Мохаммед Синвар амиа алдсан болохыг мэдэгджээ.
Б.Нэтаньяху өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ түүнийг алагдсан байж болзошгүй хэмээн цухас мэдэгдэж байсан бол энэ удаад баттай хэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Мохаммед Синвар сүүлд Газын зурвасын эмнэлгүүдэд үзүүлсэн Израилын агаарын цохилтын үеэр алагдсан нь тодорхой болжээ.
Энэ сарын 13-ны өдөр Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хот дахь Европын эмнэлэгт үзүүлсэн агаарын цохилтын улмаас 6 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархдаж, бэртэж гэмтсэн талаар Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан юм.
Израилын хэвлэлүүд мөн дээрх агаарын цохилтыг Мохаммед Синварыг хөнөөх зорилгоор үзүүлсэн хэмээн мэдээлж байсан.
Мохаммед Синвар нь Израил-Хамасын дайн эхлэх шалтгаан болсон 2023 оны 10-р сарын гэнэтийн дайралтыг төлөвлөн зохион байгуулсан, Хамас бүлэглэлийн удирдагч агсан Яаяа Синварын төрсн дүү байсан бөгөөд Газын зурваст үргэлжилсээр байгаа дайнд ахыгаа амь үрэгдсэний дараа тэрээр Хамас бүлэглэлийн удирдагч болсон юм.
Мохаммед Синвар одоогоос 3 жилийн өмнө цацагдаж байсан, Катарын “Аль Жазира” сувагт өгсөн ярилцлагадаа “хэрвээ Израил Хамас бүлэглэлийн эсрэг заналхийлсэн тохиолдолд бид тэдэн рүү халдан довтлох байршлууд болон тэднийг хэрхэн дарж авахаа мэднэ” хэмээн хэлж байсан ажээ.
Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху М.Синварыг алагдсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл хийгээгүй байна.