horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралын улмаас эмх замбараагүй байдал үүсэж эхэллээ

post-img

Израил улс Газын зурваст нэвтрүүлэх олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлан зогсоосны улмаас олон сарын турш хоол ундгүй байж, аргаа барсан палестинчууд дэлгүүр хоршоог дээрэмдэж, хулгай хийх зэрэг үйлдлүүд гаргах явдал ихсээд байна.

Лхагва гарагт Газын зурвасын төвийн хэсгийн Дэйр аль-Балах хотод байрладаг НҮБ-ын харъяа Дэлхийн хүнсний хөтөлбөрийн агуулах руу олон зуун хүн дайран орж, хүнсний бараа хулгайлж, дээрэмдсэн хэрэг явдал гарсан бөгөөд энэ үеэр 4 хүн буудуулан нас барсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Хэн гал нээсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Тэгвэл пүрэв гарагт Газын зурвасын хойд хэсгийн Газа хотын хүнсний захад мөн л иргэдийн зүгээс үйлдсэн хулгай, дээрмийн хэрэг гарч, улмаар Хамасын дотоод хэргийн яамнаас уг эмх замбараагүй байдлыг зохицуулахаар илгээсэн цагдаагийн албан хаагчдын долоо нь Израилын агаарын довтолгоонд өртөж, амиа алдсан талаар мэдээллээ.

Израилын зэвсэгт хүчний зүгээс дээрх хэрэг явдлын тал дээр ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийгээгүй ч пүрэв гарагт Газын зурвасын нутаг дэвсгэр дэх террористуудын олон арван байршилд агаарын цохилт үзүүлсэн хэмээн мэдэгджээ.

Харин орон нутгийн түргэн тусламжийн албаны зүгээс пүрэв гарагт хамгийн багадаа 44 хүн амь үрэгдсэний 23 нь Газын зурвасын төв хэсэгт байрлах Бурейж дүрвэгсдийн хуаранд амиа алдсан гэжээ.

Түүнчлэн Израил, АНУ-ын дэмжлэгтэй GHF (Gaza Humanitarian Foundation) байгууллагын хариуцан явуулж буй олон улсын хүнсний тусламжийг хуваарилан олгох, түгээн тараах төвүүдэд хүртэл эмх замбараагүй байдал үүсжээ. Пүрэв гарагт GHF байгууллагын Рафах хот дахь хүнсний тусламж олгох төвд олон мянган хүнийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэний улмаас 50 орчим хүн буудуулж, шархадсан талаар Газын зурваст ажиллаж буй НҮБ-ын ахлах албан тушаалтан мэдээлжээ. Харин хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа Израилын зэвсэгт хүчний зүгээс хүмүүс рүү гал нээгээгүй, анхааруулах зорилгоор дээшээ агаарт буудсан хэмээн мэдэгдсэн байна.

Харин GHF байгууллагын зүгээс Газын зурваст нээн ажиллуулж буй 3 төвөөр дамжуулан нийт 997,920 порц/аяга хоол бүхий 17,280 хайрцаг хүнсний тусламжийг палестинчуудад пүрэв гарагт тарааснаа мэдэгдэж, энэ үеэр ард иргэд рүү гал нээсэн хэрэг явдал огт гараагүй хэмээн дээрх мэдээллийг няцаажээ. НҮБ-ын зүгээс хүнсний тусламж түгээн тараахад GHF байгууллагатай хамтарч ажиллахаас татгалзсан бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны системийг ёс зүйгүй, хамтран ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн билээ. Харин АНУ болон Израилын засгийн газраас уг шинэ систем нь Газын зурваст нэвтрүүлж буй олон улсын тусламжийг Хамас бүлэглэлийн хулгайд алдахаас сэргийлж байгаа гэсэн тайлбар, байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ үеэр хоёр талын гал зогсоох яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа бөгөөд АНУ-ын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стив Уиткоффын Хамас бүлэглэлд илгээсэн гал зогсоох тухай шинэ саналыг Израилын засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Хамас бүлэглэл хүлээж аваагүй болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Шалтгаан нь АНУ-ын тавьсан гал зогсоох саналд дайныг бүрмөсөн зогсоож, Израилын цэргүүдийг Газын зурвасаас гаргах нөхцлийг багтаан оруулаагүй байсан гэжээ.  

Израил болон АНУ-ын хэвлэлүүдэд бичсэнээр Стив Уиткоффын тавьсан саналд 60 хоног гал зогсоох хугацаанд Хамасын талаас амьд байгаа 10 барьцааны хүнийг амиа алдсан барьцааны хүмүүсийн шарилын хамт суллаж, Израилын талаас хариуд нь тус улсад хоригдож байгаа олон тооны палестинчуудыг суллах асуудал багтсан байсан байна.

0/1000