Францын Хөдөлмөр, эрүүл мэнд, эв нэгдэл, гэр бүлийн сайд Катрин Вотрен тус улсад гадаа байрлах бүхий л олон нийтийн газруудад тамхи татахыг хориглохоор болсныг зарлалаа. Өмнө нь 2008 онд тус улсад бар, ресторан, шөнийн цэнгээний газрууд гэх зэрэг газруудад тамхи татахыг хориглож байсан юм.
Тамхины эсрэг уг хуулийг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд хэрэгжүүлэхээр болсон ба далайн эрэг, наран шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэн, автобусны зогсоол, спортын цогцолбор, мөн сургуулийн ойр орчимд тамхи татахыг хориглох юм байна.
Сайд Катрин Вотрен Францын өдөр тутмын Ouest-France сонинд өгсөн ярилцлагадаа “хүүхэд байгаа газар тамхи байх ёсгүй, таны тамхи татах эрх хүүхдийн цэвэр агаараар амьсгалах эрхээр хязгаарлагдах болно” гэжээ.
Тэрээр тамхины хязгаарлалтын журмын хэрэгжилт, зөрчлийг цагдаа нар хянаж ажиллах хэдий ч уг журам хяналтгүйгээр өөрөө хэрэгжинэ гэдэгт итгэж байна хэмээн хэлсэн байна. Мөн энэхүү журамд вэйп буюу электрон тамхи багтаж ороогүй боловч Катрин Вотрен электрон тамхины никотины хэмжээг багасгаж, хязгаарлах хуулийн төслийн боловсруулалт дээр ажиллаж байгаагаа хэлсэн байна.
Түүний хэлснээр уг журмыг зөрчсөн тохиолдолд 135 еврогийн торгууль төлөх юм байна.
Судалгааны байгууллагуудын сүүлд явуулсан тайланд Францын нийт хүн амын 23.1% нь өдөр тутамдаа тамхи татаж хэрэглэдэг гэж гарсан нь 2014 оны үеэс 5%-иар буурсан үзүүлэлт болсон бөгөөд мөн тус улсад жил бүр 75 мянга гаруй хүн тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас бардаг нь нийт нас баралтын 13%-ийг эзэлсэн байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь гадаа байрлах олон нийтийн газруудад тамхи татахыг хориглох дээрх хуулийг дэмжсэн байна.
Дээрх хууль 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болжээ.