Нууцлал өндөртэй харилцан ярианы үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ танигдсан Telegram аппликейшн Элон Маскын xAI компанийн хөгжүүлж буй хиймэл оюуны технологийг өөрийн үйлчилгээндээ нэвтрүүлж, хамтран ажиллахаар болсон талаар Telegram-ын захирал Павел Дуров зарлан мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ Telegram аппликейшнд xAI компанийн хөгжүүлж буй хиймэл оюуны чатбот/туслах болох Grok-ыг нэвтрүүлснээр Telegram-ын тэрбум гаруй хэрэглэгч уг үйлчилгээг авах боломжтой болно гэжээ.
Хоёр компанийн хоорондох тохиролцооны дагуу Telegram компани xAI компаниас 300 сая ам.долларыг бэлнээр болон хувьцаа хэлбэрээр авахаас гадна Telegram-аар дамжин xAI-д нэгдэж буй хэрэглэгчдээс бүрдэх нийт орлогын 50%-ийг авахаар болсныг Павел Дуров мэдэгдэлдээ дурьдсан байна.
Павел Дуров нийгмийн сүлжээд нийтэлсэн мэдэгдэлдээ “Бид хамтдаа ялах болно!” хэмээн бичжээ.
Түүний мэдэгдсэнээр Telegram, xAI компаниудын хооронд байгуулах гэрээ энэ оны сүүлээр эцэслэгдэн байгуулагдана.