Тохиолдлоор 8500 метрийн өндөрт хүрсэн Хятадын параглайдингийн тамирчин амьд гарч чадсан талаар Хятадын мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
55 настай параглайдингийн шүхэрчин Пэн Южиань Хятадын баруун хойд хэсгийн Чилиань уулын дээрээс, далайн түвшнээс 3000 метрийн өндөрт параглайдингийн шинэ тоног төхөөрөмжөө туршихаар хөөрч, чөлөөт нислэг хийсэн боловч маш ховор тохиолддог үзэгдэл болох “үүлний соролт” хэмээх агаарын урсгал түүнийг дээш нь 5000 метр өндөрт гаргасан байна.
Энэхүү үйл явдал өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон бөгөөд бариултай камераар нүүр, бие нь мөсөөр хучигдаж, бараг хөлдөхөө шахсан өөрийгөө бичсэн түүний дүрс бичлэг Хятадын Douyin платформ дээр тавигдсанаасаа хойш цахим орчинд хурдтай тархжээ.
Тэрээр China Media Group агентлагт өгсөн ярилцлагадаа “үнэхээр аймаар байсан, бүх зүйл цав цагаан, зүг чигээ баримжаалах ямар ч аргагүй байсан, би өөрийгөө чигээрээ л нисээд байна гэж бодсон ч бодит байдал дээр нэг газраа л эргэлдээд байсан, луужин байгаагүй бол би хаашаа нисэж байгаагаа мэдэхгүй байх байсан, би богино хугацаанд доошлохыг хүссэн болов чадахгүй байсан, үүлэн дундах агаарын урсгал намайг улам л дээш нь хөөргөөд байсан” гэжээ.
Тэрээр хүчилтөрөгч багатай, цельсийн -40 хэмийн хүйтнийг тэсвэрлэн амьд гарч чадсан нь маш азтай, мөн ховор тохиолдол болжээ.
Тэрээр параглайдингаар хичээллээд 4 жил хагас болж байгаа бөгөөд 8500 метрийн өндөр гарсан үедээ өөрийгөө ухаан алдсан ч байж магадгүй гээд агаарт хуниралдаж байсан шүхэрээ буцаан дэлгэж, удирдах гэж оролдож байх үедээ л хамгийн их айсан талаараа ярьсан байна.
Тухайн хэрэг явдлыг шалгаж байгаа Хятадын эрх баригчдын зүгээс Пэн Южианыг зөвшөөрөлгүй хөөрсөн тул хагас жилийн хугацаанд параглайдингаар хичээллэхийг нь хориглосон байна.
Параглайдинг бол хөл дээрээс буюу газраас гараа үйлдэн чөлөөт нислэг хийх боломжтой хөнгөн жингийн нисэх төхөөрөмж бөгөөд тухайн төхөөрөмж нь моторгүй ч гэсэн параглайдераар олон цаг нисч, олон зуун километрийг туулж болдог ажээ.