Чипний үйлдвэрлэл болон хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч Америкийн Nvidia компани 2025 оны эхний улирлын тайлангаа гарган танилцуулсан байна.
Энэ оны эхний улиралд Трампын тарифын бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдлаас үл хамааран тус компанийн орлого өсөлттэй гарсан байна.
Тайланд дурьдсанаар чипний худалдааны хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 69%-иар өссөн үзүүлэлт гарсан бөгөөд тус компанийн хиймэл оюуны дэд бүтцийн олон улсын эрэлт маш өндөр байгааг Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг онцолжээ.
Мөн тэрээр цаашдаа хиймэл оюуны компьютер тооцооллын эрэлт улам “нэмэгдэж, хурдсах болно” гэжээ.
Тус компанийн үйлдвэрлэдэг өндөр хүчин чадалтай чипүүд нь хиймэл оюун ухааны компьютер тооцоололд ашиглагддаг гол тоног төхөөрөмжид тоооцогддог юм.
Өнгөрөгч сард зарлан эхлүүлсэн Трампын тарифын бодлогоос үүдэн Nvidia гэх зэрэг технологийн компаниудын хувьцааны ханш огцом унасан юм. Дээр нь олон улсын худалдааны бодлогод гарч буй өөрчлөлтүүд, экспортод тавьж буй шинэ хяналтын дүрэм журам, тарифын бодлого, нийлүүлэлтийн сүлжээний үнэ ханш зэрэг тулгарч буй олон сорилтуудыг даван туулахад тус компани АНУ дахь үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөснөө мэдэгджээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын улс орнуудад хийсэн төрийн айлчлалд багтсан бизнесийн төлөөллийн дунд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг багтсан бөгөөд булангийн орнуудын засгийн газруудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрээс тус компани мөн ашиг хүртэж, Саудын Араб улсад олон зуун мянган ширхэг хиймэл оюуны чип нийлүүлэхээр болоод байгаа юм.