Хангинасан төмөр сараалжин хаалганы цаана хүүхэд насныхаа нэг хэсгийг өнгөрүүлж байгаа энэ хүүхдүүд болох болохгүйн учир начрыг нарийн тунгаагаагүйгээсээ болж ялын тогтоол уншуулж хатуу сургамж авсан томоогүй жаалууд. Тэд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад дөчин хэдүүлээ хүмүүжиж байна. Хэдийгээр бүгдээрээ ялын тогтоол сонсож хугацаатай хүмүүжихээр ирсэн ч тэдний хүүхэд насыг хайрлаж ажил хөдөлмөр хийлгэдэггүй. Зөвхөн сурах мэдэх бүх төрлийн боломжоор хангах гэж Сургалт хүмүүжлийн байгууллагын багш удирдлагууд хичээж иржээ. Тусгай сургалттай тус сургуульд хугацаатай хүмүүжихээр ирж байгаа хүүхдүүдийн цөөнгүй хувь нь суурь боловсролын хоцрогдолтой байдаг. Зарим нь бүр уншиж бичиж сураагүй байх тохиолдол ч бий. Харин тус байгууллагын багш нар сурагчдынхаа хоцрогдлыг нөхөхөд уйгагүй анхаарч Монгол хэл математикийн багшийн өгсөн чиглүүлгэн дор хоцрогдол нөхөх сургалт явуулж, уншуулж бичүүлж сургадаг байна. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ирсэн хүүхдүүдийн 1 онцлог нь хэрсүү, сэргэлэн цовоо хүүхдүүд байх нь элбэг. Тийм ч учраас багш нарын хичээл зүтгэл талаар өнгөрдөггүй бөгөөд зарим хүүхэд сарын дотор уншиж бичиж сурч байхад заримд нь хагас жил шаардагддаг. Хичээл зүтгэл сайтай шавь нараа багш нар нь сонирхлынх нь дагуу түүх, биологийн олимпиадад бэлтгэж тусгай байр эзлэхийг нь үзжээ. 2 ч хүүхэд бүр олон улсын биологийн олимпиадад англи хэлээр цахимаар оролцож тусгай байр эзлэн сертификаттай болсныг багш нар ам уралдан ярьж бахархаж байлаа.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад одоогийн байдлаар 7-12-р ангийн сурагчид хүмүүжиж байна. Гэнэн томоогүй зангаасаа болж хуулийн хариуцлага хүлээсэн тэдэнд байгаа нийтлэг тал нь эцэг эх асран халамжлагчдын анхаарал халамж муу байдаг явдал. Хүүхэд байхаасаа ээж аавын хайраар дутаж өссөн тэднийг буруу зөрүүд уруу татах нийгмийн хандлага ч бишгүй байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэдний балчирхан сэтгэхүйд бусдаас буруугаа эрэх хандлага ажиглагдсангүй.
Хоригдож буй хүүхдүүд англи хэл, хөгжим, хувь хүний хөгжил, зан чанар, дүрслэх урлаг, барилгын дотоод засал чимэглэл, талх, нарийн боов, эсгий урлал, таеквондо гэхчлэн хичээлээс гадуурх олон төрлийн сургалтад хамрагддаг. Манай сурвалжлах багийг тус байгууллагатай танилцах үеэр тэдэнд мэдээлэл технологи компьютерын сургалт явагдаж байсан бөгөөд сурагчдыг чадавхжуулах, хичээлээс гадуурх сургалтуудыг Кристина Нобелийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг байна. Тус сан нь Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад байгаа хүүхдүүдийн сурах, хөгжих, хамгаалуулах, эсэн мэнд амьдрах, оролцох эрхийг хангах зорилгоор 1997 оноос хойш “Боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ.

Сургалт хүмүүжлийн байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдүүдийн дунд хийсэн хэрэгтээ гэмшиж, ээж аав ар гэрийнхнийхээ итгэлийг алдсандаа шаналж явдаг хөвгүүд цөөнгүй. Тэдний нэг 10-р ангийн хүмүүжигч Н-тэй ярилцсан юм.
-Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ирэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?
– Би алдаа эндэгдэл гаргаж ялын тогтоол сонсох явцад хамгийн хэцүү хэсэг нь ээж минь тэр бүхэнд шаналахыг харах байсан. Манай ам бүл 4-лээ. Ээж хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. 2 дүүг маань сургууль цэцэрлэгт зөөх шаардлагатай учраас ээж минь ажил хөдөлмөр эрхлэх боломж гардаггүй. Манай ээж 3 ч удаа эрэгтэй хүнд итгэж амьдрал холбох гэж үзээд бүтээгүй юм л даа. Одоо манайх гэдэг айл хүүхдийн мөнгө халамжаар амьдардаг. Би хэрэгт холбогдож энд ирээгүй байсан бол би дүү нараа сургууль цэцэрлэгт нь зөөгөөд ээж минь ажил хийх боломжтой байх байсан. Үгүй ядаж би хэрэг хийж байхаар ажил хийсэн бол ээж дүү нараа сайхан амьдруулж болох байсан гэж харамсдаг.
-Одоо мөрөөдөж төлөвлөж байгаа зүйлээсээ хуваалцаач?
-Би эндээс гараад алдаагаа ахин давтахгүй, хичээж амьдрах төлөвлөгөөтэй байна. Би том ачааны машин жолооддог оператор болоод ээж дүү нараа хангалуун амьдруулахыг хүсэж байгаа. Хэдийгээр би өөрөө их сургуульд сурахыг хүсдэг ч дүү нарынхаа ирээдүйн төлөө би л хичээхгүй бол ээжийн маань хүч хүрэхгүй байгаа юм. Би их мөнгө олдог ажил хийгээд дүү нартаа сайн зөв үлгэрлэл үзүүлж сайн хүн болгож өсгөөд их сургуульд оруулна. Тэд маань эрдэм мэдлэгтэй болохыг ээж минь харвал магнай нь тэнхийх байх гэж боддог. /уйлав/
Харин 11-р ангийн хүмүүжигч С-ийн хувьд найз охиндоо ахин алдахгүй зөв амьдарна гэдгээ нотлох хүсэлтэй. Түүнтэй ярилцсанаа товч хүргэе:
-Энд ороод өөрчлөгдсөн үү?
-Өөрчлөгдөлгүй яахав. Өмнө нь дэмий тэнэж, утас үзээд л амьдралын наадах цаадахыг ч бодолгүй их тэнэг явсан. Ээжийгээ их зовоосон санагддаг юм. Энд ирээд олон зүйл бодох цаг ч гарлаа. Би хайртай хүнтэйгээ учирсан. Одоо ахин түүнийхээ итгэлийг алдалгүй хичээж амьдарна гэж төлөвлөж байгаа. Би энд ороод гитар тоглож сурсан. Тэгээд найз охиндоо зориулж дуу зохиосон. Энэ дуугаа би гарахаараа дуулж өгнө гэж төлөвлөж байгаа.
-Цаашид эндээс гарахаараа юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
– Би гагнуураар сурч байсан. Эндээс гараад гагнуураараа үргэлжлүүлэн сурч гагнуурын үйлчилгээ эрхэлдэг компаниа байгуулна гэж бодож байна. Тэгээд амжилтад хүрвэл энд хүмүүжиж байгаа хүүхдүүдэд туслана гэж мөрөөддөг. Дээр нь биднийг алдаа гаргасан муу хүүхэд гэж үзэлгүй итгэл найдвар, урам зориг өгдөгт нь талархаж явдаг. Яг багш нар шигээ алдаа гаргачхаад шаналж яваа хүүхдүүдэд туслахыг хүсэж байна.
12-р ангийн хүмүүжигч Т:
-Ямар хоббитой вэ?
-Би ном унших дуртай. Ялангуяа түүхийн ном илүү сонирхолтой санагддаг. Түүхээ мэдэхгүй хүн тухайн түүхийг давтах магадлалтай. Би түүхийн хичээлийн олимпиадад орж боломжийн амжилт үзүүлсэн. Цаашдаа түүхийн хичээлээр ЭЕШ өгөөд МУИС-ийн Түүхийн ангид орно гэж төлөвлөж байгаа. Надад том мөрөөдөл бий л дээ.
-Энд ороод чи хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?
-Өөрчлөгдөлгүй яахав. Өмнө нь утас үзээд утастай интернэттэй л байвал бусад нь хамаагүй мэт санагддаг байв. Харин одоо ном уншдаг болсон. Би энд орсноос болж аавын минь урам их хугарсан байх гэж боддог. Миний мэдэх хамгийн төгс хүн аав минь. Аавынхаа болоод надад итгэсэн бусад хүмүүсийн итгэлийг ахин алдахгүйн төлөө хичээнээ гэсэн юм.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын хими биологийн багш Н.Мөнхбаяр:
-Би анх зарын дагуу багшлахаар ирсэн. Төмөр хаалга нажигнаж, том том биетэй шар хувцастай залуус “Сайн байна уу багш аа” гээд мэндлэхэд нь өөрийн эрхгүй эмээж болгоомжлох сэдэл төрж байснаа нуухгүй. 9-р сарын нэгэнд багш хүн баяр хөөртэй, гоёж гоодоод ирдэг бол би ямар хувцас өмсөөд ирэхээ ч ойлгохгүй их тээнэгэлзэж байж хамгийн даруухан хувцсаа өмсөөд ирж байсан. Гэтэл хичээлийн шинэ жилийн нээлтэд шавь нар маань сурагчийн дүрэмт хувцсаа өмсөөд гараад ирэх тэр мөчид би өмнөх болгоомжлолоо гээж шавь нартаа хайр төрж “Энэ хүүхдүүдийн төлөө зүтгээд үзье” гэж шийдсэн. Миний зүтгэлийг шавь нар маань үнэгүйдүүлээгүй шүү. Сайн хичээсэн. 1 шавийнхаа тухай ярья. Анх 7-р ангийн насны хүүхэд уншиж бичиж сураагүй ирсэн. Тэгээд бид уншуулж бичүүлж сургахаас гадна 6, 7-р ангийн биологийн хичээлийг зэрэг үзэж, мэргэжлийнхээ үг хэллэгийг цээжээр бичүүлэх замаар бэлтгэсэн л дээ. Сурах хурдтай, потенциал сайтай хүү байсан болохоор би олимпиадад бэлтгэх санал тавихад өөртөө итгэхгүй эргэлзэж байсан. Бид хагас жил шахуу программаар бэлтгэсний дараа 7-р ангийн тэр сурагч маань 9-р ангийн биологийн улсын олимпиадад амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртсэн. Мөн манай 2 шавь англи хэл дээр болдог олон улсын биологийн олимпиадад цахимаар оролцож амжилт үзүүлсэн. Сертификат өргөмжлөл нь ирчихсэн байгаа. Ингээд сурагчид эхнээсээ амжилт гаргаад ирэхээр бусад нь бас даган дуурайж хичээгээд ирдэг юм билээ. Тэр ахаас энэ хичээлээ суръя, энэ ахаар тэр хичээлээ заалгая гээд шавь нар маань сурч мэдэхийн төлөө хичээсэн мэрийлттэй сайн хүүхдүүд байдаг. Манай 1 шавь анх намайг шаардлага тавихаар хүлээж авахгүй байхаар нь би “Хүн хаана ч байсан хичээл зүтгэлтэй байж чадвал амжилтад хүрдэг” гэж захихад тэр сурагч үгүйсгэж, “ ХУДЛАА” гэж хэлж байсан юм. Би “Хичээгээд үзсэнийхээ дараа дүгнээрэй, би шавь нараа бэлтгэвэл заавал амжилтад хүрдэг. Боломж үргэлж байдаг юм” гэж хэлж билээ. Тэр хүү түүхийн олимпиадад ороод амжилт үзүүлснийхээ дараа “Багшаа та үнэн хэлжээ, боломж байдаг юм байна” гэж надад хэлж байсан.

Анх би “Миний хүү ” гэж дуудахад зарим сурагчдын нүд нь томорч, амьдралдаа ийм үг сонсож үзээгүй болов уу гэмээр гайхаж байгаа нь анзаарагддаг байсан. Энд байгаа хүүхдүүдийг би эцэг эхийн хайр халамж дутагдсан хүүхдүүд л гэж боддог. Жоохон хайрлаад урмын үг хэлэхэд нүд нь гэрэлтэж ямар их хичээдгийг нь харахад багш хүний хувьд сэтгэл өвддөг. Бид сургууль дээрээ сурагчдынхаа сэтгэл санааг өргөөд, сурах хүмүүжихэд нь дэмжээд өгч болж байна. Гол нь эндээс гарсан сурагчид маань нийгмийн эрүү шүүлтийн өмнө тулж, даль жигүүр нь мохчих гээд байдаг нийтлэг хандлага байна. Гэтэл энд чадах чинээгээрээ тэр хүүхдийг хүнлэг байлгах гэж дэмжлэг үзүүлж ажиллаж байна шүү дээ.
Сургалт хүмүүжлийн байгууллагын түүхийн багш С.Оюунцэцэг:
-Би анх энэ баыгууллагыг тусгай сургууль гэж мэдэж байсан. Ерөнхий боловсролын жирийн сургалттай сургуульд багшилж байгаад энд ажиллах болсон. Манай шавь нар маш их мэрийлттэй. Сурах эрмэлзлээр дүүрэн байдагт нь багш хүний хувьд их урамшдаг. Манай сурагчдаас улсын түүхийн олимпиадад оролцож амжилт гаргасан хүүхдүүд бий. Би анх ирэхдээ сурагчдаар мөрөөдлийг нь тодорхойлуулаад үүнээс улбаалж зорилго үүсдэг тухай ойлгуулж байсан. Зарим хүүхэд зорилгоо хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй байсан тохиолдол бий. Бид хичээл дээрээ мөрөөдлөөс зорилго үүсдэг тухай ярилцаж сурагчид маань мөрөөдөл зорилгоо надад эссэ болгон бичиж өгсөн. Шавь нарынхаа тэр мөрөөдлийг уншаад миний сэтгэл тун их хөдөлсөн. Эндээс гараад алдаагаа давтахгүй, сайн хүү болж ээж аавдаа тусална, энэ төвийн хүүхдүүдэд тусална гээд сайн сайхан зүйл ихийг бичсэн байна лээ. Зарим хүүхдүүдийн ар гэрийн амьдралыг сонсоход сэтгэл их өвддөг. Ээж аав маань архи их уудаг. Хэрхэн ээжийгээ архинаас гаргах вэ? Дүү нараа хэрхэн архи уудаг хүмүүсээс хамгаалах вэ гээд балчир биедээ ахадсан зүйл ярих нь бий. Хэрвээ ар гэрийнхэн нь, ээж аав нь энэ хүүхдүүдэд маань анхаарал халамжаа сайн тавьсан бол буруу зөрүү зүйл хийхгүй байсан болов уу гэж боддог. Сургалт хүмүүжлийн төвийн торны цаана гэмшсэн сэтгэлээр дүүрэн суугаа энэ хүүхдүүд ирээдүйд тэмүүлсэн мөрөөдөл зорилгоор дүүрэн байна.

Торны цаана сурч хүмүүжиж байгаа тэдний яриа “ХЭРВЭЭ” гэдэг санаашралаар дүүрэн байх нь бий. Багш нарын хэлсэнчлэн том биетэй гэнэн харцтай эдгээр хөвгүүд чөлөөтэй гүйж тоглох эрхээ хасуулчихсан энэ нийгмийн хатуу ширүүнийг үүрч яваа хүүхдүүд. Хүүхэд л юм болохоор том хүмүүсийн амнаас гарах үг тэднийг даль жигүүртэй болгож дүүлэн нисгэнэ эсвэл урам зоригийг нь мохоож шантруулна.
Сургалт хүмүүжлийн байгууллагад сурч хүмүүжиж байгаа хөвгүүдийг хуулийн хэллэгээр бол өсвөр насны гэмт хэрэгтэн гэж нэрлэнэ. Гэвч тэдний үйлдсэн, одоо хэр нь сэтгэлийг нь сэмлэсээр яваа тэр алдаа сургамж одоо ч тэднийг дагасаар яваа. Тэд сургалтаар дамжуулж сэтгэлээ эдгээх гэж хичээж явна.