Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Дэлхий нийтээр тэмдэглэсэн бол Умард Солонгос хүүхдийн баярыг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өдгөө Дэлхийн 40 гаруй улс өргөн тэмдэглэдэг. Ингэхдээ өөр өөрсдийн онцлог, уламжлал, ёс заншлаар тэмдэглэдэг уламжлалтай. Тухайлбал, Украин улс маш өргөн цар хүрээтэй наадам зохион байгуулж, шилдэг хүүхдүүдэд Засгийн газрын шагнал олгодог. Польш улсад үзвэр үйлчилгээ, худалдааны газрууд хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж, телевиз зөвхөн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг байна.
Мозамбик улсын Засгийн газраас зорилтот бүлгийн хүүхдүүдэд амин дэм, амттан өгдөг аж. Харин лаосчууд хүүхдийн баяраар хүүхдүүдээ сүмд мөргүүлж, элдэв муу ёрын сүнсийг үргээх зорилгоор хонх цохидог уламжалтай. Дараа нь гэр бүлээрээ цуглаж баярлацгаадаг. Никарагуа улс өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч Ерөнхийлөгч нь хүүхдүүддээ зориулан мэндчилгээ дэвшүүлдэг. Европын зарим улс хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. Тодруулбал, Германд 9 дүгээр сарын 20, Кубад 7 дугаар сарын эхний ням гарагт, Бразилд 10 дугаар сарын 12, Мексик улс 4 дүгээр сарын 30, Япон, Өмнөд Солонгост 5 дугаар сарын 5-нд, Турк 4 дүгээр сарын 23, Нигерь улс 5 дугаар сарын 27, Иранд 10 дугаар сарын 8, Камерунд 12 дугаар сарын 25, Египет, Финланд, Канад, Ирланд улсад 11 дүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг байна.