Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассетт ням гарагт ABC телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ долоо хоногт Д.Трамп, Ши Жиньпин нарыг утсаар холбогдож, хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцэх талаар мэдээлжээ.
Талууд өнгөрсөн сард Швейцарийн Женев хотноо худалдааны асуудлаари яриа хэлэлцээ явуулж, үр дүнд нь талууд харилцан ногдуулсан импортын өндөр тарифаа 115%-иар бууруулах үндсэн тохиролцоонд хүрсэн билээ.
Гэвч түүнээс хойш АНУ Хятад улсыг зарим тохиролцсон бараа бүтээгдэхүүний экспортоо гаргахгүй, удаан хугацаанд барьж, хүлээлгэж байна хэмээн буруутгасны дотор Хятадын газрын ховор элементын экспорт багтаад байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн баасан гарагт хэлэхдээ Хятад улс АНУ-тай байгуулсан тохиролцоогоо “бүрэн зөрчсөн” гэсэн байна.
Тэгвэл дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний удирдагчид худалдааны асуудлаар энэ долоо хоногт утсаар холбогдож ярилцах талаар дээр дурьдсан Цагаан ордны ахлах албан тушаалтан мэдээллээ.
Мөн тэрээр АНУ-ын Худалдааны зөвлөх Жэймисон Грийрээр ахлуулсан баг болон Ши Жиньпинийн худалдааны асуудал хариуцсан багийнхны хооронд өдөр бүр яриа явагдаж, худалдааны асуудлыг шийдэхийг хичээн ажиллаж байгааг хэлжээ.
Д.Трамп гадаад, дотоодгүй нэлээн сорилттой тулгарч байгаа, өөрийн засаг захиргааны хэрэгжүүлж буй тарифын бодлогын хүрээнд энэ долоо хоногт Хятадын удирдагчтай холбогдож, хоёр талын худалдааны асуудлаар ярилцахаар болоод байна.