horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Украин, Орос харилцан дроноор довтолж, Украины дронууд Оросын 40 стратегийн бөмбөгдөгч онгоцыг сөнөөжээ

post-img

Ням гарагт Украин улс ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын зайн хамгийн том дроны цохилтыг үзүүлсэн талаараа мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч В.Зеленскийн мэдэгдсэнээр Украины Аюулгүй байдлын албаны зүгээс явуулсан “Аалзны тор” хэмээх тусгай ажиллагаанд нийт 117 дрон ашиглаж, Оросын 4 өөр цэргийн бааз дахь 41 байлдааны сөнөөгч онгоцыг устгажээ.

В.Зеленский Оросын стратегийн цохилт үзүүлэх чадвартай пуужин тээвэрлэгч бөмбөгдөгч онгоцуудын 34%-д нь дроноор цохилт үзүүлсэн гээд гайхалт үр дүн бүхий довтолгоо болсныг онцолжээ.

Украины Аюулгүй байдлын албаны зүгээс мөн BBC News мэдээллийн агентлагт мэдээлэхдээ, уг довтолгоог зохион байгуулахын тулд жил хагасын хугацааг зарцуулсан бөгөөд ингэхдээ ачааны машин дээрх жижиг модон байшинд нуусан олон тооны дроныг Оросын агаарын зэвсэгт хүчний баазуудад ойртуулан байршуулж байгаад “зөв цагтаа” довтолсон гэжээ.

Украины Аюулгүй байдлын албаны дарга Васил Малюкын удирдсан энэхүү тусгай ажиллагааны үеэр дээрх ачааны машин дээрх жижиг модон байшингийн алсын удирдлагатай дээврийг нээн доторх нь дронуудыг хөөргөсөн ба Оросын талд 7 тэрбум ам.долларын хохирол учруулсан талаар эх сурвалжууд бичиж, мэдээлж байна.

Тус албаны зүгээс мөн Оросын цэргүүдийг өөрийн эх орны нутаг дэвсгэрээс гаргахын тулд чадах бүхнээ хийж байгаагаа мэдэгджээ.

Москвагийн зүгээс Украины довтолгооны талаар мэдээлж, тус улсын таван мужид үзүүлсэн Украины цохилтыг “алан хядах террорист үйл ажиллагаа” хэмээн нэрлэн тодорхойлсон байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зүүн хэсгийн Сибирийн бүс нутгийн Эрхүү хот болон хойд хэсгийн Мурманск дахь агаарын зэвсэгт хүчний баазын хэд хэдэн онгоц цохилтод өртөж шатсан боловч хүний амь нас үрэгдээгүй талаар мэдэгджээ. Сибирийн бүс нутаг гадны дроны цохилтод өртсөн анхны тохиолдол болсныг Эрхүү хотын захирагч Игорь Кобзев мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Украины дроны цохилтод Сибирийн Эрхүү орчмын Белая, Мурманскийн Оленья, Рязанийн Дягилево, Ивановогийн Иваново дахь агаарын цэргийн баазууд өртсөн бөгөөд цөмийн бөмбөг тээвэрлэх чадалтай стратегийн бөмбөгдөгч Ту-95, Ту-22М3, мөн сөнөөгч А-50 зэрэг загварын байлдааны онгоцууд цохилтод өртжээ.

Тэгвэл ням гарагийн шөнө мөн Оросын талаас Украинд нийт 472 дрон болон 7 баллистик болон далавчит пуужингийн цохилт үзүүлсэн талаар Украины эрх баригчид мэдээллээ. Энэ нь дайн эхэлснээс хойш нэг шөнийн дотор Украинд үзүүлсэн Оросын хамгийн том цохилт болсон бөгөөд үүний өмнөх хамгийн олон тооны буюу 355 дрон болон пуужингийн цохилтыг өнгөрсөн сарын 26-нд үзүүлсэн юм. Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс Оросын ням гарагийн довтолгооны үеэр 385 дроныг агаарт амдан устгасан талаараа мэдээлсэн бол тус улсын онцгой байдлын албаны зүгээс Оросын дроны цохилтын улмаас зүүн хэсгийн Харьков болон өмнөд хэсгийн Запорожье мужуудад нийт 2 хүн шархдаж, орон сууцны барилгууд болон сургууль гэх зэрэг боловсролын байгууллагын барилгууд өртөж, эвдэрч сүйдсэн талаар мэдээлжээ. Харин Украины хуурай газрын зэвсэгт хүчний зүгээс мэдээлснээр Оросын агаарын цохилтод зүүн хэсгийн Днепропетровск дахь бэлтгэлийн хуаран өртөж, 12 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн бэртэж гэмтсэн гэжээ. Үүний дараа дээрх эмгэнэлт явдлын хариуцлагыг хүлээж Украины хуурай газрын зэвсэгт хүчний дарга, хошууч генерал Михайло Драпатий үүрэгт албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн байна. Түүнчлэн бямба гарагт ОХУ-ын Украинтай хиллэдэг Брянск мужид хоёр гүүр нурсны улмаас наад зах нь 7 хүн амь үрэгдэж, арав гаруй хүн бэртэж гэмтсэн хэрэг гарсан байна. 

Ийнхүү даваа гарагт Туркийн Истанбул хотноо явагдахаар болоод буй хоёр талын ээлжит энхийн яриа хэлэлцээний өмнө Орос, Украин харилцан дроны цохилт үзүүлээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украины ерөнхийлөгч Туркийн төрийн тэргүүн Р.Т.Эрдоантай утсаар холбогдон ярилцах үеэрээ талууд олзны цэргүүдийг харилцан солилцсон нь Истанбулд явагдсан эхний шатны хэлэлцээний “чухал боловч харамсалтай нь цорын ганц үр дүн” байсныг хэлж, энх тайван руу урагшлахын тулд талууд дайны галаа зайлшгүй зогсоох ёстой гэжээ.

В.Зеленский мөн Эрдоантай Украин-Оросын шинэ шатны хэлэлцээг Истанбулд хийх боломж, хоёр тал Украин, Орос, Турк, Америк дөрвөн орны удирдагчдын хооронд яриа хэлэлцээ хийх боломжийн талаар ярилцсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков 5-р сарын 30-нд хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, Оросын төлөөлөгчид Истанбулд очих бөгөөд зургадугаар сарын 2-нд Украинтай хоёр дахь шатны хэлэлцээг хийхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. Олон улсын ажиглагчдын зүгээс дайныг өндөрлүүлэх асуудал дээр хоёр тал санал зөрөлдөөнтэй хэвээрээ байгаа тул энэ удаагийн ээлжит яриа хэлэлцээнээс төдийлөн дорвитой үр дүн гарахгүй хэмээн үзэж байна.

0/1000