horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Польшийн Консерватив намаас нэр дэвшигч Кароль Навроцкий Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

post-img

6-р сарын 1-ний ням гарагт явагдсан Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь буюу сүүлийн шатны санал хураалтын дүн гарч, 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн барууны консерватив үзэл баримтлал бүхий “Хууль ба шударга ёс” намаас нэр дэвшсэн Кароль Навроцкий яллаа. Өнгөрсөн сарын 18-ны өдөр явагдсан эхний шатны санал хураалтаар Польшийн эрх баригч “Иргэний эвсэл” намаас нэр дэвшигч, нийслэл Варшав хотын дарга Рафал Тшасковский 30.8 хувийн саналаар тэргүүлж, “Хууль ба шударга ёс” намаас нэр дэвшигч Кароль Навроцкий 29.1 хувийн ялимгүй саналын зөрүүгээр түүний араас жагссан. Аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас дээрх хоёр нэр дэвшигчийн хоорондох сүүлийн шатны санал хураалт ням гарагт явагдсан байна.

Польшийн Сонгуулийн ерөнхий хорооноос даваа гарагт явуулж дууссан эцсийн санал тооллогын дүнгээр Кароль Навроцкий 50.89%-ийн саналаар ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч, эрх баригч намаас нэр дэвшигч Рафал Тшасковский 49.11%-ийн санал цуглуулж, ялагдал хүлээжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны санал хураалтын ирц нэлээд өндөр буюу 71.6 хувьтай гарсан байна. Санал хураалт дууссаны дараа буюу ням гаргийн үдшийн байдлаар Р.Тшасковский саналын тоогоороо тэргүүлж явж байсан бол хэдхэн цагийн дараа нөхцөл байдал нөгөө тийшээгээ эргэжээ.

Польш улсын энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс тус улсын төрийн шинэ тэргүүн улс орноо илүү үндсэрхэг бодлого, үзэл баримтлалын дагуу удирдах нь тодорхой харагдаж байна. Польш улсын Ерөнхийлөгч нь гадаад бодлогод нөлөөлөх болон тодорхойлох, мөн хууль тогтоомжид хориг тавих үүрэгтэй.

Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Кароль Навроцкий нь цагаачдыг эсэргүүцэгч, үндсэрхэг үзэлтэн бөгөөд “Польш улсыг аврахын төлөө” сонгуулийн хоёрдугаар шатанд өөрийг нь дэмжихийг ард түмэнд уриалж байсан юм. Түүнийг мөн дэмжиж, Ерөнхийлөгчөөр сонгогдоосой хэмээн хүсэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нээлттэй илэрхийлж байсан. АНУ-ын 10 мянган цэрэг Польш улсад байрладаг бөгөөд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын төрийн нарийн бичгийн дарга Кристи Ноэм К.Навроцкийг төрийн тэргүүнээр сонгогдвол хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэх боломжтой хэмээн өмнө нь хэлж байсан юм.

Өдгөө 42 настай, түүхч мэргэжилтэй Кароль Навроцкий нь мөн консерватив намаас хоёр дахь удаагаа сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Анджей Дудагийн бүрэн эрхийн хугацаа дуусах өдөр буюу 8-р сарын 6-ны өдөр тангараг өргөж, албандаа орох юм байна.

0/1000