Цагдаагийн ерөнхий газар, “МОНЦАМЭ” агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээг өнөөдөр /2025.06.06/ зохион байгууллаа.

“Санамж бичиг”-т Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Э.Содонтогос нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, “МОНЦАМЭ” агентлагийн Гадаад харилцаа хариуцсан дарга Б.Хулан, мөн агентлагийн Гадаадад мэдээлэх албаны дарга М.Самбууням нар оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад хэл дээр мэдээлэл бэлтгэн, олон улсын мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.