“Чингис хаан” олон улсын нисэх буудал энэ оны Дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлын жагсаалтын зургадугаар байрт багтжээ.
Энэхүү жагсаалтыг агаарын тээврийн салбар дахь нэр хүнд бүхий Skytrax байгууллага гаргадаг бөгөөд дэд бүтэц, зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлдэг байна.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг дэд бүтцээ иж бүрэн шинэчилж, орчин үеийн нисэхийн байгууламж болгон хувиргасан. Газарзүйн хувьд хэцүү байршилтай хэдий ч зорчигчдын үйлчилгээний чанарт ихээхэн ахиц дэвшил гаргасан гэж үзжээ. Мөн олон улсын стандартад нийцсэн Монгол соёлыг харуулсан шинэ зоогийн газар, жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүд нэмэгдсэн хэмээн онцолжээ.
Дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлын жагсаалтад Казаxстаны Алматы, Тайландын Бангкок, Их Британийн Лондон Гатвик, Тайванийн Таоюань зэрэг томоохон нисэх буудлууд багтсан байна.