Ажилтнуудын дунд амралтын мөнгөний талаар буруу ойлголт, асуудал гардаг учраас бид энэ удаа ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодож ажилтанд олгох ёстой байдаг талаар Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын ахлах шинжээч Ч.Янжинхорлоогоос тодруулав.
–Ажилтан жилдээ нэг удаа ээлжийн амралт эдэлдэг. Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодож ажилтны гар дээр олгох ёстой байдаг талаар тодруулъя. Амралтын мөнгийг хуулийн дагуу хэрхэн бодох ёстой байдаг вэ?
Ээлжийн амралтын мөнгийг үндсэн цалингаас тооцож олгоод байдаг. Энэ нь буруу юм. Тухайн ажилтны нийт ажилласан жилийн дундаж цалин хөлс дээр нэмэгдэл, нэмэгдэл хөлсний нийлбэрээс амралтын мөнгийг тооцож олгох ёстой. Өөрөөр хэлбэл эхний 5 жил ажиллаж байгаа хүн 15 хоногийн ээлжийн амралт эдлэх ёстой байдаг. Тиймээс ажилтны ажилласан хугацааны нийт цалин хөлс дээр нэмэгдэл, нэмэгдэл хөлс орсон цалингийн нийлбэрийг ажилласан өдөрт нь хуваана. Ингэхээр нэг өдрийн цалин хөлс гарна. Нэг өдрийн цалин хөлсийг амралтын 15 хоногт үржүүлэн бодож өгнө.
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын мөнгө бодож олгосон асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Ийм маргаан үүссэн бол байгууллага дотроо шийдвэрлэх ёстой. Хэрвээ шийдвэрлэж чадахгүй бол маргаан таслах комисс гэж байгууллагад байдаг. Мөн дүүргүүдэд эрхийн маргаан таслах хороо, хөдөлмөр халамж үйлчилгээний газар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ажиллаж буй. Тэнд гомдол гаргаж болно. Яагаад гэвэл дээр хэлсэнчлэн дундаж, цалин хөлс тооцох журмын дагуу нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон авч буй нийт цалин хөлснөөс ажилласан хоног өдөртөө хуваагаад нэг өдрийн цалин гарангуут ээлжийн амралтын хоногтоо үржүүлэн бодож амралтын мөнгийг олгоно. Үүнээс татвар, шимтгэлээ хасаад ажилтны гар дээр очих ёстой. Үндсэн цалингаас ээлжийн амралтын мөнгө бодох нь хууль бусаас гадна ажилтныг хохироож байгаа хэрэг юм.

–Ээлжийн амралтын мөнгийг ажилтны гар дээр хэзээ олгох ёстой байдаг вэ?
Ажилтны амралт эхлэхээс өмнө ээлжийн амралтын мөнгийг олгосон байх шаардлагатай. Жишээлбэл ажилтны цалин сарын 05-нд буудаг, ажилтан өөрөө 10-ны өдөр амрах бол цалин буух өдөр ээлжийн амралтын цалин, ажилласан хугацааны цалинг бүтнээр нь өгөх ёстой. Зарим байгууллагуудын хувьд ажлын ачааллаас шалтгаалан ээлжийн амралтыг хэсэгчлэн амраах тохиолдол байдаг. Үүнийг хуульд заасан байгаа. Ээлжийн амралтын хоног 10-аас багагүй байх, ажилтантай тохиролцсон байхыг ажил олгогч, ажилтан нэг удаа бүтнээр олгож болно. Эсвэл хэсэгчлэн амарсан хоногт нь тооцож өгч болно.
–Жирэмсний амралт авах гэж буй ажилтны ээлжийн амралтыг хэрхэн боддог вэ?
Жирэмсний амралтын 120 хоног буюу төрөхөөс өмнө 60 хоног, төрсний дараа 60 хоног нь ажилласан хугацаанд тооцогддог. Жирэмсний амралтаа авах гэж буй хүмүүс ээлжийн амралтаа төрөхөөсөө өмнө нь бодуулах уу төрсний дараа бодуулах уу гэдэг нь тухайн хүний хүсэлт байдаг. Үүнийг ажил олгогч аль ч талаар нь шийдэж өгч болно. 120 хоногоос өмнө авах ёстой гэвэл өөрөө хүсэлтээр авч болно. Харин хүүхдээ гурван жил юм уу нэг жил харж байгаа үед энэ нь ээлжийн амралтад тооцогддоггүй.
2025-07-04 07:52:12
Дүүргийн хөдөлмөрийн харилцаа хариуцсан байцаагч амралт олгохгүй байгаа өргөдөл шийдвэрлэхгүй бол хаана хандах вэ Хувийн цэцэрлэг нд бүтэн жил төлөөгүй амралт олгохгүй шийдвэрлэхгүй бна
2025-07-04 00:20:21
Авч чадахгүй байгаа цалингаа яаж авах вэ