Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчид дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж түүх бүтээж, төд удалгүй Төрийн тэргүүний зарлигаар МУГТ болсон гээд шигшээ багийн эмэгтэй тамирчдаар бахархаад ханахгүй өдрүүд үргэлжилж байна. Тэд Монгол эмэгтэй сагсан бөмбөгчдөөс хамгийн анхны МУГТ болж буй түүхэн мөч байлаа. Мөн хамгийн залуу эмэгтэй гавьяат тамирчнаар 18 настай Н.Нандинхүсэл тодорсон нь онцлууштай байв. Тэгвэл тэднийг энэ амжилтыг гаргахад аав ээж гэр бүл, ах дүүс багш дасгалжуулагч, дэмжигч байгууллага гээд маш олон хүмүүсийн хичээл зүтгэл итгэл бий. Тэдний нэг болох шигшээ багийн ахлах дасгалжуулагч Канад мэргэжилтэн Стив Сертэй бид ярилцлаа. Тэрээр Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийг ахалж Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон юм.
-Таны удирдаж, зааж зөвлөсөн эмэгтэй багийн тамирчид итгэмээргүй амжилтыг үзүүлж дэлхийн дэд аваргууд боллоо. Та хэр их бахархаж байна вэ?
Би Тэднээр маш их бахархаж, тэдний өмнөөс баярлаж байна. Тэдний хүрч чадсан энэ амжилт бол маш онцгой үйл явдал юм. Мөн хүн бүр тэднийг мэдэж, бас таньдаг болсныг харах үнэхээр гайхалтай байна. Өнгөрсөн долоо хоногт тэдний гаргасан амжилт бол үнэхээр онцгой зүйл, монголчууд ч тэдний амжилтыг олноороо өргөн дэлгэр тэмдэглэлээ. Тэд бол үнэхээр гайхалтай, чадварлаг эмэгтэй баг, тэд энэ бүгдийг хүртэх эрхтэй хүмүүс.

Миний хувьд Канадад дасгалжуулагчаар ажиллаж байсан, бас Монголд ирэхээсээ өмнө Европт тамирчдын хөгжүүлэлтийн ажил их хийж байсан. Монголд ажиллахаасаа өмнө Канадад 3х3-ийн дасгалжуулагчаар ажилласан. Тиймээс би өөрийгөө энэ салбарт багагүй туршлага хуримтлуулсан гэж хэлнэ. Тэгээд мэдээж Монголын эмэгтэй багтай хамтарч ажилласандаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа.
-Та ямар тактик төлөвлөгөөгөөр багаа тоглуулсан бэ? Ялангуяа эмэгтэй шигшээ баг маш хүнд хэсэгт орсон шүү дээ.
Миний тактик бол тэднийг илүү дайчлах байсан. Бэлтгэл сургуулилтыг тултал нь хийлгэснээр яг тэмцээний үед өндөр чансаатай Герман, АНУ, Хятад, Польш зэрэг багуудын эсрэг сайн тоглуулсан. Бэлтгэл дээр бид яг л тэмцээнд орж байгаа мэт тоглолтуудыг хийж, тамирчдаа маш их ядрааж, их л хүнд бэлтгэл хийлгэж байсан даа. Ер нь бол бид охидыг нэлээн шахсан. Тэд маань ч маш сайн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн бусад багууд болон тэдний тоглогчдын эсрэг тактик боловсруулан бэлтгэлээ хийж, шаардлагатай мэдээллүүдийг тамирчдадаа өгч байсан.
Ер нь бол манай багийн охид маш сайн хичээж бэлдсэн. 3 жилийн өмнөх ДАШТ-д бид ганцхан хожил буюу Египетийн багийг л хожиж байсан. 2 жилийн өмнөх ДАШТ-д нэг ч хожил аваагүй. Харин сүүлийн хоёр жил бидний гаргасан амжилт сайжирч, хоёр жил дараалан плэй-оффт шалгарсан, энэ бол охидын маань нөр их хүч хөдөлмөрийн л ач гавьяа.

-Монголын баг Бразил, БНХАУ, Украйн гээд хүчтэй багуудыг ялж хэсгээс гарч ирсэн. Хасагдах шатанд ч маш хүнд тоглолтууд хүлээж байлаа. Хамгийн түрүүнд та юун дээр анхаар ч юуг илүү захиж зөвлөсөн бэ?
Бид энэ ДАШТ-д ямар нэг медаль хүртэх зорилготой ирээгүй, бид учраа бүрдээ, тоглолт бүрдээ онцгой анхаарал хандуулж, тухайн тоглолтод ялалт байгуулахад л байдаг бүхнээ зориулж оролцсон. Бидний хамгийн их анхаарал хандуулсан баг бол Бразилын баг байсан. Эхний тоглолт байсан тул бид яг тэр тоглолтдоо л гол анхаарлаа хандуулсан, охид маань ч ялсан. Дараагийн тоглолт Испанийн эсрэг байсан, түүний дараа Германы эсрэг бэлдэх ёстой болсон. Тэгээд Украин гэх мэт. Тэгэхээр дараагийн шатуудад бус зөвхөн урдаа байгаа өнөөдрийн сорилтыг л давж гарахад бүхнээ зориулсан, охид ч сайн байсан, өөр зүйлд санаа зоволгүй зөвхөн учраагаа давахад л хамаг анхаарлаа хандуулж чадсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Найрамдал” шагналыг та хүртсэн. Танд ямар санагдсан бэ?
Үнэхээр гайхалтай байсан. Монгол Улсын ерөнхийлөгч охидод их сайхан үг хэлсэн, бүтэн улсаараа дэмжиж байсныг, гайхалтай амжилт гаргасан явдалд ард түмэн бүгд баярлаж бахархах мэдрэмж авсан талаар хэлсэн. Охидын амжилтыг төрийн өндөрлөг ингэж үнэлнэ гэдэг бол байж болох хамгийн дээд амжилт. Гэр бүл, төрөл төрөгсдийнхөө өмнө төрийн ордонд тэгж шагнал хүртэнэ гэдэг бол охидын хувьд үнэхээр гайхалтай, онцгой өдөр байсан. Хүн бүрд ийм боломж олдохгүй шүү дээ. Охид маань үүнийг хүртэх эрхтэй гэж бодож байна.
-Та бүхний дараагийн төлөвлөгөө юу вэ?
2028 оны Лос Анжелесийн Олимпод оролцох бол мэдээж бидний нэг томоохон зорилго. 3 жилийн дараа болно гээд зүгээр сууж болохгүй, дээрээс нь ДАШТ-ээс хүртсэн мөнгөн медаль маань бидний дараа дараагийн амжилтад түлхэц, мотиваци өгч байгаа. Бид сүүлийн 2 жилд багагүй амжилтуудыг гаргасан, Азийн аваргаас медаль хүртсэн, Women’s series-т амжилт үзүүлсэн, сая ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ, цаг хугацаа өнгөрөх тусам улам сайжирч, амжилтаа ахиулж байна. Бид өөрсдийгөө илүү сайжруулахын төлөө анхаарч ажилласан учраас л энд хүрсэн тул цаашид энэ эрчээрээ үргэлжлүүлсээр байх болно.

Энэ бол зөвхөн энэ багийн амжилт биш, Монголын сагсан бөмбөгийн спорт, Монголын ард түмний хувьд том амжилт гэдгийг хэлмээр байна. Би Монголд 4 дэх жилдээ ажиллаж байна. Бэлтгэл маань өдөр бүр зааланд явагддаг, би охид руу орилоод л, загнаад л тиймэрхүү маягтай өрнөдөг. Гэхдээ хүмүүст анзааралгүй өнгөрдөг жижиг зүйлсийн ачаар л эцэст нь амжилтад хүрдэг. Тиймээс би багийнхнаараа маш их бахархаж байна, тэд маань өмнө нь хэний ч гаргаж байгаагүй амжилтыг Монголд гаргасан. Дээрээс нь би Монгол улсын өмнөөс бахархлыг мэдэрч байна, Монгол хүн бүр энэ амжилт, энэ бахархлыг мэдэрч байгаа. Монголд спортын төрлүүд, сагсан бөмбөг хөгжиж, амжилтаа ахиулсаар байна, залууст хичээл зүтгэл ямар өндөр амжилт авчирдгийг батлан харуулж байна, багийн ажиллагаа хүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх хэмжээний амжилт авчирч болдгийг харуулж байна, гадаад улс оронд очиж өрсөлдөх, өөрийгөө улам илүү сайжруулах, баг хамт олны хамт гайхалтай дурсамжуудыг бүтээх боломжийг олгож байна. Спорт бол гайхалтай зүйл. Энэ улсад залууст спортоор амжилт гаргах боломжийг өгч буй олон хүн байгаа. Тиймээс энэ амжилтыг тэмдэглэх нь зүй ёсны хэрэг юм.