Английн Премьер лигийн аварга Ливерпүүл клубийн довтлогч Диогу Жота Испанид автомашины ослоор өөд болжээ. Түүний хамт дүү Андре нь осолдож ах дүү хоёр хоёр хоёулаа таалал төгссөн талаар Испанийн хэвлэл “Marca” мэдээлжээ.
Диогу Жота 2020 онд “Вулверхэмптон” багаас “Ливерпүүл”-д ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн аварга, Английн цомын аварга, Английн лигийн цомын аваргаар шалгарч байсан юм. “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд 182 тоглолтод оролцохдоо тэрбээр 65 гоол оруулж, 26 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Португалын шигшээгийн бүрэлдэхүүнд 49 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулж, Үндэснүүдийн лигийн тэмцээнд хоёр удаа түрүүлжээ. Өмнө нь тэрээр Испанийн “Атлетико”, Португалын “Порту”, Английн “Вулверхэмптон” багуудад тоглож байв.
Мөн тэрээр өнгөрсөн зургаадугаар сард олон жил үерхсэн найз бүсгүйтэйгээ хуримаа хийсэн. Хосууд 2012 оноос хойш үерхэж байгаад 2022 оны 7-р сард албан ёсоор сүй тавьжээ. Тэд 3 хүүхэдтэй юм.