УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж буй. Энэ удаагийн төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дотор ААОНАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл багтжээ. Тодруулбал ААНОАТ-аас 1 хувийн хөнгөлөлт эдлэх салбаруудын жагсаасан 22.9 дэх заалт дээр “Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг баривал гэсэн агуулгыг нэмэх төсөл байгаа юм“.
Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уг хуулийн төслийг эсэргүүцэж, өөрийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Бид хувийн хэвшлийг дэмжээд л байвал улсын боловсрол унаад л байна. Бүгд сайн багшид хүүхдээ өгнө гэж боддог. Хүүхэд нь гайгүй багш дээр суралцаад явж байтал багшийг нь хувийн сургууль авчихдаг. Энэ шударга санагддаг уу?
Аргагүйн эрхэнд хүүхдээ хувийн сургуульд оруулж байгаа. Ингээд улсын сургууль чанаргүй, тамиргүй хүч чадалгүй болоод буй механизмыг бид алсуур дэмжээд байна. Тиймээс үүнд бид маш бодолтой хандах ёстой. Хувийн сургуулиуд ААН-ийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа. Угаасаа татвараас чөлөөлөгддөг бизнес. Хэрвээ энэ хуулийг батлавал тэд дахиад барилга байгууламж барихаар бол татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ хөрөнгө хэний хөрөнгө болох юм. Хүүхдийн хөрөнгө хэзээ ч болохгүй шүү дээ.