Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр (2025.07.08) хамтран хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга С.Сэддорж тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тогтоолын төсөлд, Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар, мөн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохоор тусгасан байна.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, С.Замира, Б.Уянга, Э.Болормаа, Р.Батболд нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд сонсгол зохион байгуулах болсон учир шалтгаан, үндэслэл, сэдвийн хүрээ болон сонсгол даргалагчийг сонгохтой холбоотой асуудлуудаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Сонсголын сэдвийг зөвхөн ордын ашиглалт, байгаль орчны нөлөөллийн хүрээгээр тогтсон нь явцуу байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар онцолж, нийгэм, эдийн засгийн болон хүн ам, мал сүргийн эрүүл мэндийн асуудлуудыг ч нэг мөр судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэснийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж байлаа. Түүнчлэн сонсголын хугацааг наашлуулж, яаравчлуулах, Төрийн ордонд биш Ховд аймагт, орон нутагт нь хийх саналыг ч гаргаж байлаа. Бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо хэт нэмэгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шүүмжилсэн бол уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохын өмнө сонсгол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн илэрхийлсэн юм. Мөн сонсгол даргалагчийг Эдийн засгийн болон байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдээс, тэр дундаа Улсын Их Хурал дахь сөрөг хүчнүүдээс сонгох ёстой гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу гаргасныг Улсын Их Хурлын гишүүдийн зарим нь дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн өөрийн нэрийг дэвшүүлэв.
“Халзан бүрэгтэй” ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй мэдээллээс харахад тус ордын Бор толгой нэртэй 106.66 га талбайд MV-019329 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголиан лантаноиде корпораци” ХХК-д, Ар хүрэн нэртэй 91.39 га талбайд MV-012335 дугаартай, Халзан бүрэгтэй нэртэй 175.24 га талбайд МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Монголиа нэшнл рийр ийрт корп” ХХК-д тус тус олгожээ. Тус орд Лантан (La), Церий (Се). Иттри (У), Диспрози (Dy), Неодим (Nd) зэрэг газрын ховор элемент агуулсан 5.0 сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа бөгөөд нэг тонн газрын ховор элементийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 10 000 орчим шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгарахын зэрэгцээ 70-100 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй цацраг идэвхт хаягдал тухайн орчинд үлддэг гэх мэдээлэл цацагдаад байна. Олборлолт хийж эхэлбэл цацрагт идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль, экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж нутгийн иргэд эсэргүүцэж, хурцадмал байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Иймд тус ордыг ашиглахтай холбоотойгоор иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэн Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал нарын Улсын Их Хурлын 27 гишүүн хүсэлт гаргасны дагуу тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналын дагуу сонсголын сэдвийг тогтоолын төсөлд тусгасны дагуу ““Халзан бүргэдэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” гэснээр тогтоож, тов болон сонсгол даргалагчийн асуудлаар санал хураалт явуулав. Сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 60.6 хувь, товыг есдүгээр сарын 23-наар тогтохыг 63.6 хувь нь дэмжлээ. Тогтоолыг гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнээр батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.