УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Боловсролын сайдын багцад байсан 2.6 тэрбум төгрөгийг хассан. Энэ шийдвэрийн улмаас нийслэлийн хэмжээнд энэ онд тэтгэвэрт гарах 117 багш хуульд заасан нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй болох нөхцөл үүссэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатараас тодруулав.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Багш нарын тэтгэмж хасагдаагүй. Тэтгэвэрт гарч байгаа багш нарын 36 сарын тэтгэмж зүйл, заалтаараа байдаг. Жилдээ 700-800 багш тэтгэвэртээ гардаг. Тэдгээр багшийн 2023-2024 оны 17 тэрбум гаруй төгрөг байсан юм байна лээ. Энэ жилийнх нь төсвийн зүйл заалтаараа 21 тэрбум төгрөг бий. Миний хассан зүйл бол хурган дарга нарын хулгай хийх боломжийг хаасан юм. Зөвхөн төсвийн тодотгол ярьж байгаа үед биш нийслэлийн Боловсролын газрын төсөв долоон жилд 7 дахин өссөнийг гайхаад судалж үзсэн. Төрийн аудитаас нийслэлийн Боловсролын газар хийсэн аудит, шалгалтын тайлантай танилцахад өнгөрсөн жилийнх нь 2 тэрбум 562 сая төгрөг бусад гэдэг шалтгаанаар ангилан тодорхойлоогүй байсан. Энэ бол өнгөрсөн хугацааны хулгайн эх үүсвэр гэж би харж байгаа юм. ингээд холбогдох албан тушаалтнуудыг дуудаж уулзсан. Боловсролын яамны төрийн нарийн бичгийг даргыг дуудаж уулзахад “Гишүүн ээ таны бүрэн эрхэд халдахгүй, таны саналыг хүндэтгэж байна. бид дотооддоо зохицуулалт хийе гэсэн” гэлээ.