УИХ-ын хаврын отгон чуулган болж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнгөрсөн Засгийн газар бүтэн жилийг хий өнгөрүүллээ. Иргэдийн өрхийн амьжиргаа руу чиглэсэн, нуруун дээрх ачааг хөнгөлсөн шийдвэр гаргасангүй. Нийгмийн даатгалын шимтгэл, татвар, ААН иргэдтэй холбоотой хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргалгүй дарж хэвтсээр байгаад дуусгалаа. Засгийн газар татварын багц хууль гэж яриад бүтэн жил болсон. 42 гишүүдийн өргөн барьсан нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг бууруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байхад зогсоосон. Засгийн газар НД-ын багц хуулийг оруулж ирж байгаа. Энэ хуультайгаа нэгтгэж санал солилцоод нэгтгээд явъя гэдэг байдлаар хэлэлцэх эсэхийг шийдэх үед зогсоосон. Гэтэл өөрсдийнхөө хуулийг буцаачихсан. Ингээд чуулган хаахын даваан дээр манай хуулийг хэлэлцэхгүй, өөрсдийнхөө хуулийг оруулж ирсэн юмгүй дууслаа. Өөрөөр хэлбэл 2026 онд иргэд, ААН-үүд татвар, НДШ-тэй холбоотой хүлээлт байхгүй. Наадмын араас төсөв хэлэлцээд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хүлээлт байхгүй гэдэг нь асар гунигтай мэдээлэл. Тойрогтоо очоод сонгогчидтойгоо уулзаад бид нар ийм юм хийлээ гэхэд хэлэх үг алга.