АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн долоо хоногтКанадын ерөнхий сайд Марк Карнид илгээсэн албан захидалдаа 8-р сарын 1-нээс эхлэн тус улсад 35%-ийн импортын тариф ногдуулахаар болсноо мэдэгджээ.
Трампын зөвхөн өнгөрсөн долоо хоногт дээрхтэй ижил “харилцан тэгш тариф” ногдуулах анхааруулга бүхий албан захидлыг 20 гаруй улс оронд илгээсэн байна.
АНУ, Канад хоёр улсын хувьд энэ сарын 21-ний өдөр худалдааны гэрээ байгуулахаар яриа хэлэлцээ явуулж байгаа ч Трампын энэхүү сүрдүүлэг бүхий албан захидал яриа хэлэлцээнд саад учруулж болзошгүй байна.
АНУ-ын хойд болон өмнөд хоёр хөрш болох Канад, Мексик улсуудын хувьд гурван улсын хоорондох чөлөөт худалдааны гэрээг урьдын хэвээр нь хүчин төгөлдөр үлдээхийн төлөө Трамптай нэгдсэн тохиролцоонд хүрэхээр хичээж ажилласаар байгаа юм.
Хойд Америкийн бүс нутгийн гурван улсын хооронд өмнө нь үйлчилж байсан НАФТА гэрээ хүчингүй болсны дараа буюу 2020 оны 7-р сард АНУ-Мексик-Канадын гэрээ байгуулагдаж байсан бөгөөд тус гэрээний хэрэгжилтийн үр дүнг ирэх жилийн 7-р сард авч үзэхээр товлосон ч Трамп ерөнхийлөгчийн албаа хүлээн авснаас хойш гэрээг дүгнэх үйл явцыг түргэсгээд байна.
Трамп АНУ-д нэвтрэн орж ирэх хууль бус цагаачид болон эм бэлдмэл, мансууруулах бодисын урсгалын зогсоохын төлөө хангалттай ажиллахгүй байна хэмээн хоёр хөршөө буруутгаад байгаа билээ.
Канадын ерөнхий сайд Марк Карни өнгөрөгч 5-р сард АНУ-д айлчилж, Трамптай уулзаж, хоёр талын харилцааг дулааруулаад байсан ч ийнхүү Д.Трамп пүрэв гарагт Канад улсад 35%-ийн импортын тариф ногдуулахаа мэдэгдлээ.