Өмнөд Солонгосын NCT хамтлагийн гишүүн асан, к-поп дуучин Тэил хүчингийн хэргээр 3 жил 6 сар хорих ял сонссон байна.
31 настай Тэил болон И, Хон хэмээх бусад 2 хүний бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг Сөүл хотын дүүргийн шүүхээс “маш хүнд, ноцтой гэмт хэрэг” үйлдсэн хэмээн тодорхойлсон боловч прокуроруудын зүгээс яллахыг хүссэн 7 жил хорих ялыг “анх удаа үйлдсэн” хэмээх үндэслэлээр таллан, 3 жил хагас хорих ял оноожээ.
Түүнчлэн Сөүл хотын дүүргийн шүүхээс дээрх гурван эрэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд зориулан боловсруулсан засан хүмүүжүүлэх эмчилгээний 40 цагийн хөтөлбөрт хамрагдахыг даалгасан байна.
Дуучин Тэилийн үйлдсэн хэргийн тухайд гэвэл гэмт хэрэгтнүүд хохирогч болох Хятадын жуулчин эмэгтэйтэй Сөүл хотын Итэвон дүүргийн нэгэн уушийн газар танилцаж, тухайн эмэгтэйг согтоосны дараа И гэгчийн гэрт аваачин ээлжлэн хүчиндсэн байна. Өнгөрсөн онд болсон энэхүү хэргийг үйлдсэн гэдгээ гэмт хэрэгтнүүд өнгөрсөн 6-р сард хүлээсэн ажээ.
Дуучин Тэилийн жинхэнэ нэрийг Мүн Тэ Ил гэдэг бөгөөд тэрээр анх энэхүү хэргийн талаар цуурхал гарч эхлэх үеэр буюу өнгөрсөн оны 8-р сард NCT хамтлагийг орхиж буйгаа зарлаж байсан юм.
Гаргасан зарим дуунууд нь Америкийн Billboard чартад жагсч байсан, дуу хөгжмийн төрөл бүрийн урсгалыг хольж уран бүтээлээ туурвидаг NCT хамтлаг анх 2016 оны 1-р сард дэбютээ хийж байсан түүхтэй.