horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Анхны Birkin загварын цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллар хүрч зарагджээ

post-img

Францын тансаг зэрэглэлийн Hermès брэндийн 1984 оны анхны Birkin загварын цүнх өнгөрсөн долоо хоногт Францын нийслэл Парис хот дахь Сотби-гийн дуудлага худалдаагаар 8.58 сая евро буюу 10 сая ам.доллар хүрч зарагдсан байна. 

Алдарт дуучин, жүжигчин Жейн Биркинд зориулан Hermès брэндийн зүгээс анх бүтээж өгч байсан, хувцас загварын орчин үеийн түүхийн үнэт өв гэж хэлж болох дээрх цүнхийг Парисын 6-р дүүрэгт жижиг дэлгүүр ажиллуулдаг, Кэтрин Бенье хэмээх цуглуулагч дуудлага худалдаанд оруулжээ.

Тэрээр уг анхны Birkin загварын цүнхийг одоогоос 25 жилийн өмнө мөн л дуудлага худалдаагаар авч байсан бөгөөд түүний цүнхний цуглуулгын “хамгийн гоц гойд”цүнх байсан хэмээн хэлжээ.  

Татвар болон дуудлага худалдааны газрын хувь хэмжээг хасч тооцвол цэвэр 7 сая еврогоор борлуулагдсан тус цүнх дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан цүнхний дээд амжилтыг тогтоосон байна.

Үүний өмнөх дээд амжилтыг 2021 онд Хонконг дахь Кристи-гийн дуудлага худалдаагаар зарагдсан, Hermès брэндийн Kelly 28 загварын матрын арьсан цүнх тогтоож байсан бөгөөд 513,000 ам.долларт хүрч зарагдаж байжээ.  

Сотби дуудлага худалдааны компанийн зүгээс гаргасан мэдэгдэлд “олон долоо хоног хүлээлт үүсгэж, 1 сая еврогоос эхлүүлсэн дуудлага худалдааны үр дүн шинэ дээд амжилт тогтоолоо” гэжээ. 

Хамгийн анхны Birkin загварын цүнхний төлөөх Сотби-гийн дуудлага худалдаанд нийт 9 оролцогч өрсөлдсөнөөс нэрийг нь нууцалсан Японы цуглуулагч үнэ цохиж авсан байна. 

Өнөө цагт Birkin загварын цүнхийг Hermès брэндийн зүгээс хамгийн үнэнч үйлчлүүлэгч нартаа санал болгодог бөгөөд үнийн хувьд 10,000 ам.доллараас эхлэдэг байна.

0/1000