“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан асуудал олон нийтийн төвд байна. Учир нь иргэдийн зүгээс мөнгө, танил талаа ашиглаж, хэргээс мултрах вий гэсэн болгоомжлол байгаа юм.
Тэгвэл Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг сэжигтнээр баривчилжээ.
Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад:
Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авч, хангаж шийдвэрлэв.
Уг сэжигтнүүдэд авсан Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан болно.
Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 40 минутаас,
Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 00 минутаас тус тус хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна гэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс мэдээлэв.
2025-07-21 08:01:46
ЭРДЭНЭБАТ ҮЙЛЧЛЭГЧЭЭ АЛСАН ! ЯЛГҮЙ ҮЛДСЭН