Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч хэсэг бүлэг залуус зодоо хийж, Э.Т, Ц.С-нарын 4 хүн нийлж Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. С-ыг зодож сэхээнд оруулсан этгээдүүд нь улс төр, бизнест нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд болох нь тогтоогдоод байгаа. Тиймээс энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх эсэхэд олон нийт анхаарал хандуулж байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж холбогдох этгээдүүдийг саатуулсан.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Э.Т, Ц.С нарыг эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа гэж үзэн баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч Э.Т-г энэ сарын 20-ны өдрийн 21.40 минутаас, Ц.С-ийг мөн өдрийн 22.00 минутаас сэжигтнээр тус тус баривчлах шийдвэр гаргасан. Ингээд өнөөдөр /07.22/-ны 22 цагаар тэдний баривчлах хугацаа дуусна. Тиймээс тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн.
Харин уг саналыг шүүх хэлэлцэж, Э.Т, Ц.С-нарыг суллах шийдвэр гаргажээ. Ингэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хилийн хориг тавьсан байна. Тэгвэл шүүхийн гаргасан уг суллах шийдвэрийг прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичихээр болжээ.
Улс төр, бизнест нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд холбогдсон уг хэрэг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Одоогоор хохирогч гэх Д.С-ын биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.