Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн тэргүүлж буй Засгийн газрын шинэчлэлийн бодлогоо зарлалаа. Хэдий энэхүү зарлал нь албан ёсны сүр дуулиан, тайз индэргүй ч “Төрийн албаны шинэчлэлийг төрийн хэмнэлтийн бодлоготой нэгтгэнэ” гэдэг утга агуулга, санаа зорилт нийгэмд аль хэдийнэ түгэв. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаан ч албан бус зарлалын нэг байсан бөгөөд төрийн өмчит 107 аж ахуйн нэгжийг 87 болтол бууруулж, захирлуудын тогтмол цалинг үр ашигтай холбон бууруулах ерөнхий шийдвэр бараг л албажсан гэж болно. Учир нь, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар энэ асуудлыг наймдугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдаанд оруулж, есдүгээр сард эцэслэн шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Мөн уул уурхайн бус төрийн өмчит 44 компанийг нэгтгэн удирдах үүрэг хүлээсэн “Эрчист Монгол” нэгдлийн захирал Г.Амартүвшин төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьчлалыг МИАТ-аас эхлүүлж, эрчим хүчний чиглэлийн 25 төлөөлөн удирдах зөвлөлийг 14 болгон бууруулж, Авто зам ашиглалтын компаниудын үр ашиггүй нэгдлийг татан буулгах боломжтой гэдгээ мэдээллэсэн.
Харин “Төрийн өмчит компаниудын захирлууд 30 сая төгрөгийн цалин авдаг” гэх мэдээллийн тухайд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудад хамаарна. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-ын захирал 27 сая, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал 26 сая, “Эрчист Ойл”-ийн захирал 20 сая төгрөгийн цалин авдаг. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд дээрх захирлуудын цалинг бууруулж, ашигт ажиллагааны урамшуулал авах замаар шинэчлэн тогтоохыг үүрэг болгосон. Энэ нь ашигтай ажиллавал урамшуулал авах, ашиггүй ажиллуулбал урамшуулал олгохгүй байх хувийн хэвшлийн компаниуд болон олон улсын жишиг цалингийн журам бөгөөд урьдчилсан байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлын цалинг гэхэд 30 саяас 4.5 сая болгон бууруулахаар тооцоолсон байна.