Улсын онцгой комиссын III хуралдаан болж, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Энэ үеэр ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аймаг орон нутгийн өвөлжилийн бэлтгэл ажлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Тэрбээр “Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байна. Өдөр хэт халан, шөнө хөрөн, агаарын хэмийн зөрүүгээс шалтгаалж, хөдөө аж ахуйн салбарт тэр тундаа тариалангийн гол бүс нутгуудад ургац алдах нөхцөл байдал бий болсон.
Гангийн нөхцөл байдлаас шалтгаалж таримал ногоон тэжээл нэлээд хэмжээгээр дутагдахаар байна. Байгалийн хадлан бэлтгэх боломжтой аймаг, сумын судалгааг гаргаж байна. Салбарын яамнаас 3 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулна гээд бүх аймаг, сумдад үүрэг чиглэл өгөөд харилцан гэрээ хийн ажиллаж байна.
Улсын чанартай отрын 9 бүс нутаг байгаа. Үүнд нэг сая орчим мал өвөлжүүлэхээр бэлтгэсэн. Импортын өвс, тэжээлийн хувьд хүчитгэсэн тэжээл авч таарна. Экспортлогч аж ахуйн нэгжүүдээс үнийн судалгаа аваад ажиллаж байгаа. Энэ жил баруун бүсийн 4 аймаг, төвийн бүсийн аймгуудад нэлээд өндөр эрсдэлтэй байх тооцоо судалгаа гарч байна. Наймдугаар сарын 15 гэхэд улсын нийт ургацын баланс гарна” гэв.