2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлээс сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд нэмэлт санхүүжилт гаргажээ.
Тодруулбал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргасан байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрээр “Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан нэмэлт санхүүжилтээр нийт 11 сургуулийн гадна шугам сүлжээ, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний засвар хийхээр бэлтгэл ажлыг өнөөдөр эхлүүллээ. Түүнчлэн 7 эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засварын ажлыг хийнэ. Нийт 20 уураар халдаг дулааны зуухыг шинэчилнэ. Ингэснээр төдий хэмжээний сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нүүрсний хэрэглээтэй бус уурын зуухаар дулааныг нь шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна” гэв.