Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хаягдал ус дахин боловсруулах төсөл, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн 3 төслийг 2025 онд улсын комисст хүлээлгэн өгөх юм.
Тэгвэл ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү төслийн үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн системд жилд 50 сая метр.куб ус нийлүүлнэ.
Тодруулбал, Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүд байгуулж хоногт 140 мянга, жилд 50 сая метр.куб хүртэл хэмжээний усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Өнөөдрийн байдлаар Биокомбинат, Шувуун фабрикт нийт 30 худгийн өрөмдлөг, тоноглол, ус дамжуулах 55 км шугам хоолойн угсралтын ажил 89 хувьтай байгаа аж. Төслийн ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Түүнчлэн ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, хяналт-удирдлагын скада системийн хэрэгжилт 99 хувьтай байгааг Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл танилцууллаа.