Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху барьцаалагдсан бүх хүнийг суллаж, дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ эхлүүлэх үүрэг даалгаврыг өөрийн орны дипломатчдад өгсөн талаар пүрэв гарагт мэдэгджээ. Ийнхүү зуучлагчдын зүгээс дайтагч талуудад тавьсан түр гал зогсоох шинэ саналыг даваа гарагт “Хамас” бүлэглэл урьдчилсан болзолгүй, өөрчлөлт оруулалгүйгээр хүлээн авч байгаагаа мэдэгдсэний дараа Израилын Ерөнхий сайд гал зогсоох асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлж байгаагаа зарлалаа.
Зуучлагч Катар, Египет улсын тавьсан гал зогсоох шинэ саналд Израилын хийсэн анхны хариу үйлдэл энэ болсон хэдий ч талуудын яриа хэлэлцээ бүтэмжтэй болж, гал зогсоох тохиролцоонд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл: Израилын тал гал зогсоох шинэ саналыг хүлээж аваагүй ч барьцааны хүмүүсийг бүгдийг нь суллаж, гал зогсоон дайныг өндөрлүүлэх асуудлаар яриа хэлэлцээ явуулах шийдвэр гаргалаа.
Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа хэлэлцээг явуулах дипломат төлөөлөгчдийг байршил тодорхой болсны дараа илгээх талаар албаны хүний яриаг эш татан мэдээлжээ. Харин лхагва гарагт “Хамас” бүлэглэл Б.Нетаньяхуг зуучлагчдын гал зогсоох шинэ саналыг үл ойшоож, хэлэлцээнд саад учруулсан гэж буруутгасан талаар “Ройтерс” агентлаг эш татан мэдээлсэн юм.
Б.Нэтаньяху аливаа гал зогсоох хэлэлцээнд бүх барьцааны хүмүүсийг суллах үндсэн шаардлагыг л тавьж байгаа бол энэ удаагийн гал зогсоох шинэ саналд барьцааны хүмүүсийн талыг нь суллах тухай багтаасан байна. Израилын Ерөнхий сайд мөн барьцааны хүмүүсийн ар гэрийнхэн, дайныг эсэргүүцэгч Израилын ард түмэн болон олон улсын дарамт шахалтан дор байгаа билээ.
Б.Нэтаньяху мөн пүрэв гарагт Газын зурвасын хойд хэсэгт орших Газа хотыг бүрэн эзлэж авах төлөвлөгөөг түүний кабинет баталж, цэргийн ажиллагааг нэн даруй эхлүүлэх талаар Израилын зэвсэгт хүчинд мэдэгдэж, улмаар Израилын зэвсэгт хүчин Газа хотын хойд хэсгийн эрүүл мэндийн албаныханд иргэд, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд бэлдэхийг мэдэгдэж, бөмбөгдөлтөө эхлүүлээд байна.