Ням гарагт Япон улсад агаарын хэм цельсийн +40 градус хүрч халсан байна.
Японы цаг уурын судалгааны агентлагаас мэдээлснээр нийслэл Токио хотын ойр орчимд болон Канто, Гүнма, Сайтама муж гэх зэрэг ихэнх газарт +40 хэм хүрч халсан гэжээ.
Фүкүшимагаас Окинава хүртэл тус улсын 47 мужийн 37-д нь хэт халалт аюулын түвшинд хүрч, халуунд буюу наранд цохиулах аюулаас сэрэмжлүүлсэн байна.
Мөн агааржуулагчаа зөв зохистой байдлаар хэрэглэж, шингэн болон давсыг тогтмол хэрэглэхийг албаныхны зүгээс зөвлөжээ.
Түүнчлэн хэт халалт, чийглэг агаарын урсгалын улмаас Тохокүгаас Кюшү муж хүртэлх өргөн уудам нутгаар аянга цахилгаантай бороо орж болзошгүйг анхааруулсан байна.
Дээрх мужуудад орох хур тунадасны улмаас нам дор газарт амьдардаг иргэд, оршин суугчдыг хөрсний гулсалт, гол мөрний ус эргээ давж халих, үер усны болзошгүй аюул болон аянга цахилгаан, хүчтэй салхи, мөндөр зэргээс сэрэмжлүүлжээ.