horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Нийслэл үл хөдлөх хөрөнгөө зараад, сургууль, цэцэрлэгт сандал, ширээ авч байна

post-img

Нийслэлээс олон жилийн туршид алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлэн авах, ашиглалтыг нь сайжруулах, дахин төлөвлөх, дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь сургууль, цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн 3150 ам метр газрыг чөлөөлж, “Эхлэл брэнд” ХХК-д 9.3 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулсан. Эндээс олсон орлогоороо Улаанбаатар хотод барьж байгаад зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг гүйцээн барьж ашиглалтад оруулсан юм. Энэ маягаар нийслэлийн ЗДТГ 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүллээ.  

Түүнчлэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хуучнаар Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Вирео-Үсрэлт” ХХК нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж авч, 1.6 тэрбум төгрөгийн үнэд хүрээд байна. Уг мөнгөөр 17 сургууль, 20 цэцэрлэгт сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж худалдаж авахаар болсныг НЗДТГ-ын дарга Д.Амгалан хэллээ. 

Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сандал, ширээ, тохижилт, тоног төхөөрөмжгүй учраас ашиглалтад орж чадахгүй 17 сургууль, 20 цэцэрлэг байна. Эдгээр сургууль, цэцэрлэгт 15.000 гаруй хүүхэд сурч боловсрол эзэмших боломжтой. Тэдгээрийн сандал, ширээ, тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлийг алдагдсан өмчөө зарж олсон орлогоо зарцуулна. Цаашид ч нийслэлээс алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авна” гэв. 

Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Тэмүүжин групп” ХХК ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого олдог байсан ч зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсан аж.

0/1000