Францын сөрөг хүчний улс төрийн намууд ирэх сарын 8-ны өдөр явагдахаар болсон улсын төсвийн асуудлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтын үеэр Ерөнхий сайд Франсуа Байруг цөөнхийн Засгийн газрынх нь хамт унагаах болно хэмээн даваа гарагт мэдэгджээ. Тус улсад улс төрийн тодорхойгүй байдал үүсээд нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд Ерөнхийлөгч Э.Макроны томилсон ээлжит Ерөнхий сайд Ф.Байру төсөв танах бодлого хэрэгжүүлснээр ийнхүү ахин итгэл үзүүлэх эсэх парламентын санал хураалтыг давж гарах шаардлагатай болоод байна.
Ирэх сарын 8-ны өдөр явагдах санал хураалтын үеэр Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдгээ Үндэсний ралли, Ногоон болон Социалист гэсэн сөрөг хүчний гурван том нам илэрхийлснээр Ф.Байруг огцруулах асуудал сөхөгдөж ч болзошгүй байна.
Тэрээр өнгөрсөн оны төсвийн алдагдлыг тэнцвэржүүлж, бууруулах хүрээнд ирэх жилийн төсвөөс 44 тэрбум евро танасан хуулийн төсөл боловсруулж, парламентаас төсвөө батлуулах хангалттай дэмжлэг хүсэн, итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг зарлан явуулахаар болсон. Гэхдээ тэрээр энэхүү санал хураалтад ялсан тохиолдолд зөвхөн өөрийн боловсруулсан төсвийг танах хуулийн төсөлд дэмжлэг авах бөгөөд төсвийн тухай хуулийг батлах санал хураалт оны сүүлээр явагдах болно.
Хэрвээ Ф.Байругийн Засгийн газрыг унагавал Францын Ерөнхийлөгч Э.Макронд нэн даруй шинэ Ерөнхий сайдыг нэрлэн томилох шаардлага тулгарна. Эсвэл Ф.Байруг түр Засгийн газрын тэргүүнээр үлдээн, сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж болзошгүй юм.