АНУ-ын нээлттэй тэмцээний финалд Испанийн тамирчин Карлос Алкараз Гарфия Дэлхийн номер нэгт эрэмбэлэгдэж байгаа, түрүү жилийн АНУ-ын нээлттэй тэмцээний аварга Янник Синнерийг ялж, аваргаар тодорлоо. 2022 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд ялж байсан Карлос Алкараз 2025 оны АНУ-ын нээлттэй тэмцээний финалд эрэмбээрээ Дэлхийн номер нэгт бичигдэж буй Янник Синнерийг 4 сетэд 6-2, 3-6, 6-1, 6-4 харьцаатайгаар 2 цаг 42 минутын дотор буулгаж авснаар “Их дуулга”-ын 6 дахь цомоо хүртэв.
2023 оны 9-р сарын 10-наас хойш чансаагаар Дэлхийн номер нэг байр сууриа алдсан Карлос Алкараз энэ тэмцээнд ялснаар 2 жилийн дараа буцаад Дэлхийн номер нэгт эрэмбэлэгдэхээр болсон тул энэ удаагийн ялалт түүний хувьд онцгой байв. Харин 2024 оны 6-р сарын 10-наас хойш 65 долоо хоног дараалж, Дэлхийн номер нэгт эрэмбэлэгдсэн Италийн тамирчин Янник Синнер чансаагаар Дэлхийн номер нэг байр сууриа алдаж, хоёрдугаарт эрэмбэлэгдэхээр болж байна.
Өдгөө дөнгөж 22 настай залуухан аварга Карлос Алкараз ийнхүү хамгийн залуудаа зургаан удаа “Их дуулга”-д түрүүлсэн эрэгтэй тамирчны жагсаалтад Бьорн Боргийн дараа орох, хамгийн залуу хоёр дахь тамирчин боллоо.
“Их дуулга” тэмцээн BO5 буюу түрүүлж 3 сетэд түрүүлсэн нь хождог форматтай явагддаг бөгөөд уг тэмцээний турш Карлос Алкараз финалд хүрэх хүртлээ өрсөлдөгчдөдөө нэг ч сет алдаагүй гэдэг галзуу үзүүлэлттэй явж байлаа. Харин финалын тоглолтод хоёрдугаар сетэд Янник Синнерт 3-6 харьцаатай хожигдсон нь түүний энэ тэмцээнд алдсан цорын ганц сет болов. 1-1 харьцаатай болж, тэнцсэнийхээ дараа Алкараз 3 болон 4-р сетэд алдаа гаргалгүйгээр өрсөлдөгчөө буулган авч, итгэл төгс аварга болсон байна.
Ийнхүү буцаад чансаагаараа Дэлхийн номер нэгт эрэмбэлэгдэж эхэлсэн тэрээр уг байр сууриа хэдэн долоо хоног хамгаалж үлдэж чадах бол?