horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Орос, Украины дайны асуудлаар Европын удирдагчид АНУ-д ирж уулзана гэж Трамп мэдэгдэв

post-img

Европын орнуудын удирдагчид даваа эсвэл мягмар гарагт АНУ-д айлчилж, Украины дайныг зогсоох арга замын талаар хэлэлцэнэ гэж Доналд Трамп мэдэгдэв.

АНУ-ын ерөнхийлөгч мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй “Удахгүй” ярилцана гэдгээ мэдэгдэж, Москвагийн эсрэг авч буй хориг арга хэмжээний хоёр дахь шат руу шилжихэд түүний засаг захиргаа бэлэн байгааг илэрхийлжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский уг хориг арга хэмжээг “зөв санаа” хэмээн сайшааж, Европын улс орнуудыг Оросоос эрчим хүч худалдан авахаа болихыг уриалав.

Энэ зуур Орос улс дайн эхэлснээс хойш хамгийн том агаарын цохилтоо Украины эсрэг явуулж, Киев дэх Украины засгийн газрын гол барилгыг анх удаа бөмбөгдөж, дөрвөн хүний амь насыг авч оджээ.

Уг халдлагын үеэр Орос улс Украин руу хамгийн багадаа 810 дрон нисгэж, 13 пуужин харвасан байна. Энэ халдлагын талаар Трамп “энэ нөхцөл байдалд сэтгэл дундуур байна” гэж мэдэгдсэн.

Трамп “Европын орнуудын зарим удирдагч ирэх даваа юм уу мягмар гарагт манай улсад тус тусдаа айлчилж ирэх гэж байгаа” гэж хэлсэн ч яг хэн хэнийг хэлсэн нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн сард Аляскад болсон Трамп, Путин нарын дээд хэмжээний уулзалтаас хойш Орос улс Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлж эхэлсэн юм.

Зеленский ABC News-д өгсөн ярилцлагадаа Европын түншүүд Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн худалдан авсаар байгаа нь “шударга бус” явдал хэмээн шүүмжилжээ.

Тэрээр “Бид Оросоос ямар ч төрлийн эрчим хүч худалдаж авахаа болих ёстой. Мөн ямар ч гэрээ хэлэлцээр хийхгүй байх хэрэгтэй. Хэрэв бид Оросыг зогсоохыг хүсэж байгаа бол тэдэнтэй ямар ч төрлийн наймаа хийж болохгүй” гэсэн байна.

Мөн Зеленский Москвагийн дайныг санхүүжүүлэх чадварыг сулруулах зорилгоор Оростой худалдаа эрхэлж буй улсуудад хоёрдогч тариф ногдуулах Трампын төлөвлөгөөг магтан сайшаасан ба “Оростой наймаа хийсээр буй улсуудад тариф ногдуулах нь зөв санаа гэж би бодож байна” гэж хэлжээ.

“Эрчим хүчний болон цэвэр агаарын судалгааны төв” хэмээх бодлогын хүрээлэнгийн тооцоолсноор, Орос улс 2022 оны 3-р сард Украинтай дайтаж эхэлснээс хойш газрын тос, байгалийн хийн худалдаанаас ойролцоогоор 985 тэрбум долларын орлого олжээ.

Хамгийн том худалдан авагчид нь Хятад, Энэтхэг хоёр юм. Европын Холбоо Оросоос эрчим хүч худалдан авахаа мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулсан ч бүрэн болиогүй байгаа аж.

Өнгөрсөн сард АНУ Оросоос газрын тос худалдан авч буйг нь шийтгэх зорилгоор Энэтхэгээс орж ирэх бараанд 50 хувийн татвар ногдуулсан бол, харин Энэтхэгийн Засгийн газар ард иргэдийнхээ эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс “хамгийн боломжийн үнээр” газрын тос худалдаж авахаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон уулзалтын үеэр Орос улс Хятад руу хийх байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээ зарласан.

Зеленскийгийн уриалга гаргахтай зэрэгцэн газрын тос олборлогч орнуудын “ОПЕК+”-ийн гишүүн орнууд (үүнд Орос ч багтана) олборлолтоо нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Энэ нь газрын тосны үнийг бууруулах дарамт бий болгоно.

АНУ-ын Сангийн Сайд Скотт Бессент NBC-ийн “Meet the Press” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа АНУ Оросын нефть худалдан авч буй орнуудад хоёрдогч тариф ногдуулах тал дээр Европын Холбоог ижилхэн арга хэмжээ авах байх гэж хүлээж буй талаар ярьжээ.

Түүний хэлснээр хэрэв Европын Холбоо Оросоос газрын тос худалдаж авч буй улс орнуудад тавих хориг арга хэмжээ, хоёрдогч тарифыг чангатгавал, “Оросын эдийн засаг бүрмөсөн нурж, ерөнхийлөгч Путинийг хэлэлцээр хийхээс өөр аргагүй байдалд оруулна” гэв.

Мөн Скотт Бессент “Бид одоо ‘Украины арми хэр удаан тэсэж чадах вэ?’ эсвэл ‘Оросын эдийн засаг хэр удаан тэсэж чадах вэ?’ гэдэг өрсөлдөөнд орчихоод байна” гэсэн байна.

Эх сурвалж: BBC NEWS

0/1000