АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Ерөнхийлөгч Доналд Трамп ирсэнтэй холбоотойгоор үзэгчид урт дараалал болон оочерлосондоо бухимдаж, цэнгэлдэхийн суудлууд хоосорчээ. Яник Синнер, Карлос Алкарас нарын тоглолт АНУ-ын цагаар анх 14:00 цагт эхлэхээр төлөвлөгдсөн байсан ч “аюулгүй байдлын арга хэмжээ авах” болон “фенүүдийг сандалдаа суухад нь нэмэлт цаг олгох зорилгоор” уг тэмцээний зохион байгуулагчид тоглолтыг 14:30 цагт эхлүүлэхээр болсон гэж X дээр бичжээ.
Трамп ойролцоогоор 13:45 цагийн үед цэнгэлдэхэд орж ирж, үзэгчид рүү даллан мэндчилэх үед үзэгчдийн суудлын ердөө 10 хувь нь дүүрсэн байлаа. Түүнийг орж ирэхэд хүмүүс алга таших нь ташиж, эсэргүүцэх нь эсэргүүцэн БҮҮ-лж угтжээ. Үүний дараа тэр талбайн төв хэсэгт байрлах Ролексийн хайрцагт (тусгай суудалд) суусан юм.
57 настай Лия Гомберг хэмээх үзэгч Артур Эш цэнгэлдэх хүрээлэнд орохын тулд урьдчилан тооцоогүй замын түгжрэл болон аюулгүй байдлын шалгалтын урт дарааллын улмаас нийтдээ бараг дөрвөн цаг хүлээсэн гэв.
Тэрээр АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр ердийн үед байдаггүй 30 ширхэг TSA түвшний хамгаалалтын сканнер орох хаалган дээр байрласан байсныг онцлон, ердөө л сканнерт хүрч очихын тулд нэг цаг хорь гаруй минут оочерлож зогссон гэж хэв. Лия Гомберг “Гадаа мянга мянган хүн оочерлож байна. Гэтэл тоглолт эхлээд аль хэдийнэ нэг сет дуусчихсан. Бид бүгд суудалдаа суухын тулд их хэмжээний мөнгө төлсөн. Гэтэл орж чадахгүй байна” хэмээн 15:50 цагт дотор орж суухаасаа өмнө хэлжээ.
Тэрээр цааш нь “Хүмүүс маш их уурлаж байсан. Тоглолтын эхэнд хүмүүс маш их бүүлж орилсон. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс АНУ-ын нээлттэй тэмцээнд теннис үзэхээр ирсэн шүү дээ. Гэтэл одоо цэнгэлдэхийн суудлын тал нь хоосон байна. Алдартнууд болон ноён Трамп тэнд аль хэдийнэ ороод суучихсан байхад үнэтэй тасалбар авах гэж их мөнгө төлсөн жирийн хүмүүс орж чадаагүй л байна” гэжээ.
Мөн Торонтогоос хүрч ирж, 635 доллароор тасалбар авсан Дое хэмээх үзэгч “Тасалбараа авах гэж тийм их мөнгө төлсөндөө урам хугарчихлаа. Энэ миний амьдралд ганц тохиох гайхалтай мөч байсан юм сан. Би Нью-Йорк хотод ирж, энэ тэмцээнийг үзэхээ сэтгэл догдлон хүлээж байсан. Гэхдээ үнэхээр урам хугарлаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: NBC News