2025 оны 9-р сарын 10-нд Франц даяар “Бүхнийг хаа” хөдөлгөөн өрнөж, Парис, Бордо, Лион, Марсель зэрэг хотуудад олон мянган хүн засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн жагсав.
Ерөнхийлөгч Эмманюэль Макроны удирдлага болон хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн жагсагчид улс даяар бүх газрын үйл ажиллагааг доголдуулах төлөвлөгөөтэй байна.
Энэхүү хөдөлгөөн нь 9-р сарын 9-нд Ерөнхий сайд Франсуа Байру €43.8 тэрбумын төсвийн таналтын төлөвлөгөөнд (үүнд улсын эмнэлгүүдээс €5.5 тэрбумыг хасах санал багтсан) итгэл хүлээлгэх санал хураалтад ялагдаж огцорсноос үүдэн эхэлжээ. Амьжиргааны өндөр өртөг, тэгш бус байдал, Ерөнхийлөгч Эммануэль Макроны бизнесийг дэмжсэн бодлогын эсрэг ард иргэд уур бухимдлаа хүчтэй илэрхийлж байгаа аж.
Жагсаалд CGT, SUD зэрэг үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын ажилчид, оюутнууд болон зарим барууны хэт үзэлтнүүд нэгдэж, зам, шатахууны агуулах, нийтийн тээврийн гол цэгүүдийг хааж, зохион байгуулалттай түгжрэл үүсгэж байна. Парис хотын Шатле-Ле Аль автобусны буудал орчимд цагдаа нар, жагсагчдын дунд мөргөлдөөн гарчээ. Засгийн газар 100,000 жагсагчийг зохицуулахын тулд 80,000 албан хаагчдыг дайчилсан байна.
Ихэвчлэн хүчирхийлэл гаргахгүй байгаа ч уг хөдөлгөөний “хугацаагүй зогсолт” хийх уриалга нь үймээн самуун, эдийн засгийн доголдол руу хүргэж болзошгүй байна. Улмаар Франц улсад шатахууны хомсдол нүүрлэх эрсдэлтэй байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлүүдийн санаачилсан бүр ч өргөн цар хүрээтэй жагсаал 9-р сарын 18-нд болохоор товлогджээ.