Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолбор барьж дуусан, улсын комисст хүлээлгэн өглөө. Нийт 2.1 га талбай бүхий тус цогцолбор хөлбөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсанбөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээ гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэж байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Аглут” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

