Лхагва гарагт Америкийн барууны үзэлтэй улстөрч Чарли Кирк бусдад буудуулж нас барсан. Түүнийг буудсан хэрэгтнийг одоо ч хайсаар байгаа билээ. Тэгвэл түүнийг ойролцоох барилгын дээврээс буудчихаад зугтаж буй хүний бичлэг олон нийтэд ил болсон байна.
Уг бичлэгт гэмт хэрэгтэн дээврээс үсэрч буугаад, дараа нь ой модтой хэсэг рүү гүйсэн нь харагдаж байна. Сэжигтэн хар цүнх, хар нүдний шилтэй. Дээрээ АНУ-ын туг болон бүргэдийн зурагтай хар фудволктой, “Converse” брэндийн кеттэй явж байсан нь тодорхой болжээ. Гэмт хэрэгтний орсон ой модноос түүний орхиж явсан бууг олсон байна.
Эрх баригчид тус этгээдийг олж авч, барихад ард түмнээс тусламж хүсэв. Холбооны Мөрдөх Товчоо тус этгээдтэй холбоотой мэдээлэл өгсөн, барихад тусалсан хүнд 100,000 ам.долларын шагнал амласан байна.