Dota 2 сонирхогчдын жил бүр хүсэн хүлээж үздэг “The International 2025” тэмцээн өндөрлөж, олон гайхалтай үйл явдал боллоо. “The International” тэмцээний эхний хэдэн жилд Хятадын багууд ноёрхож, жил бүр Хятад юм уу эсвэл өөр улсын баг ээлжилж, аварга болдог байв. Тэгвэл 2016 оноос хойших 9 жилд Хятад улсын 1 ч баг аварга болоогүй. Тус улсын Dota 2 багууд уналтад ороод байсан билээ. Энэ 9 жилийн хугацаанд аваргын цомоос хоёр ч удаа атгаад алдсан цорын ганц баг нь “Титэмгүй хаан” хочит Ame-гийн LGD баг байв.
Энэ жилийн хамгийн онцлох үйл явдал нь Хятадын багууд эргээд сэргэсэн явдал байлаа. Хятадыг төлөөлж оролцсон “Xtreme Gaming” болон “Tidebound” баг хэсгийн шатанд гайхалтай амжилт гаргаж, хасагдах шатанд шалгарсан хэдий ч “Tidebound” баг шөвгийн наймд “Falcons” багт ялагдаж тэмцээнээ эрт өндөрлүүлэв.
Dota 2 сонирхогч хүн бүр энэ жил “Титэмгүй хаан” хочит Ame-гийн “Xtreme Gaming” багийг ялж, Ame-г хүртэх ёстой аваргын титмээ энэ олон жилийн дараа хүртээсэй гэж хүсэж байсан билээ. “Xtreme Gaming” баг гайхалтай тоглон, финалд шалгарч, “Falcons” болон “Xtreme Gaming” багийн тоглолт 5 дахь тоглолтод шийдвэрлэгдэхээр болж, гал гарсан финал болсон. Гэсэн хэдий ч харамсалтай нь “Xtreme Gaming” баг ялагдаж, хоёрдугаар байрт оров.
Ингээд “Титэмгүй хаан” титэмгүй чигээр үлдлээ. Улмаар тэр “The International” тэмцээний “Grand Final”-д 3 удаа шалгарсан хэдий ч гурвууланд нь ялагдан, 0:3 гэдэг Anti Record буюу сөрөг үзүүлэлтийн эзэн болж байгаа нь тун харамсалтай. Dota 2-ын бурхан тэнгэр Ame-гийн нулимсанд цадах болоогүй бололтой. Түүнд дахиж “The International” тэмцээнд түрүүлэх боломж гарч ирэх магадлал тун бага. Тиймээс түүнийг зодог тайлж магадгүй гэж Dota 2 сонирхогч ихэнх тоглогч харж байна.
Харин “Falcons” баг анх удаа аварга болсноор “Skiter” болон “Sneyking” нар хоёр дахь удаа аварга болж байна. Харин Cr1t, Ammar, Malr1ne нар анх удаа аварга болов.
Харин багийн дасгалжуулагч Aui_2000 тоглогчийн хувиар 2015 онд EG багт тоглож байхдаа аварга болсон. Дасгалжуулагчийн хувиар 2022 онд “Tundra” багтай хамт аварга болсон бол энэ жил “Falcons” багийн хамт аваргаар шалгарав. Дасгалжуулагчийн хувиар 2 удаа аваргын титэм авсан анхны хүн, карьертаа нийт 3 удаа аваргаар шалгарсан анхны хүн болж, түүхэнд тодоор бичигдлээ.
Энэ жилийн “The International” Ame-гийн гунигийн нулимсаар угаагдаж, “Falcons”-ийн баярын нулимсаар мялаагдсан, олон үйл явдалтай гайхалтай жил байлаа. Дараа жилийн “The International” даанч хол байна даа…