horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Ардчилал устах ёсгүй

post-img

МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн Монголын нийгмийг талцуулж,  бугшсан далд идээ бээрийг ил болгож, амьгүй албатуудыг амь оруулсан юм биш. Нэлээд эрт суурь нь тавигдаж явсаар сая нэг ил болов. Он цагийн дарааллаар авч үзвэл энэ мэт зөрчил тэмцэл олонтаа өрнөж байсан. Гомдогсдын армийн жижиг зодооноос эрх ашгийн төлөөх том тулаан болтлоо  өрнөж, зарим үед сөрөг хүчинтэйгээ эвсэж байгаад “зодолддог” байлаа. Тэр нь тэгэсхийгээд намддаг. Нэг л мэдэхэд хэзээ ч эвлэрэхээргүй нөхөд нэг тавцан дээр гар барилцан инээлдэж зогсохыг олонтаа харсан.

Харин яг одоо өрнөж байгаа МАН-ын дотоод дайн тийм ч хурдан дуусахгүй, өрнөл ихтэй үргэлжилнэ. Үе хоорондын тэмцэл гэж шууд тодорхойлох нь өнгөц юм. Нэг удаагийн улс төр гэхээсээ ирэх сонгуулиуд хүртэл энэ байдал зогсохгүй. Энэ нь МАН-ын идээ бээрийг шахаад, шинэчлэл авчрах тухай гэнэн мөрөөдлөөс илүүтэй нийгмийн хагарал, ардчиллаас ухрах нөхцөл байдал руу хөтлөх вий гэж л болгоомжилж байна.

 Ардчиллын алтан хараацайнуудын нэг Э.Бат-Үүл “МАН хоорондоо алалцахдаа ардчиллыг устгахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэж сошиал хуудсандаа бичсэн байна лээ. Үүнтэй санал нэг. Ямар ч хамаагүй аргаар ялалтад хүрэх тэмүүллийнх нь золиос улс орон, ард иргэд болчих вий. Хамгийн төгс нь биш ч одоогийн байдлаар хамгийн сайн хувилбар гэгдэх ардчиллын замыг сонгосон сонголтыг устгах вий дээ. Энэ нь ардчиллын гол зарчмууд талцагч талуудын ялалтын төлөөх ичгүүргүй үйлдлүүдийн үр дүнд гээгдэж хаягдахаас л болгоомжилж байгаа хэрэг юм. Үнэт зүйлгүй бол хоосон нэр төдий л болох бус уу, ардчилал гэдэг. Тиймдээ ч ардчиллын анхдагчийн нэг Э.Бат-Үүлийн санаа зовинолыг үгүйсгэх аргагүй.

    Одоо үйл явц руугаа оръё. Сүүлийн өдрүүдийн цочир шуугиан Ерөнхий сайдын томилгооны мэдэгдэл, МАН-ын Хяналтын хорооны шийдвэр хоёр гал дээр тос нэмлээ. МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөлөө. Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдад Б.Энхбаярыг томилохоо зарлав.

   МАН-ын Хяналтын ерөнхий хороо анх удаа ч намаас хүн хөөж байгаа юм биш. Улс төрийн дуулиант нөхцөл байдалд Хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргаж байсан цөөнгүй  тохиолдол байдаг. Жигүүр, хөдөлгөөн хэд хэдээрээ үүсэж, МАН-ыг бужигнуулж байх үед тус намын Хяналтын ерөнхий хороо мөн л завгүй хуралдаж байсан түүхтэй. Янз бүрийн шалтгаантай намын гишүүнээ хөөж байсан нь ч цөөнгүй.

Б.Энхбаярын хувьд Хяналтын ерөнхий хорооны хурлын шийдвэрээр намаасаа хөөгдсөн эхний хүн ч биш, сүүлийнх ч биш. Намын дүрэмдээ энэ байгууллагаа татан буулгаж, хасаагүй тохиолдолд ийм үйл явц болж байгаад гайхаад байх зүйл биш. Намаас нэг гишүүн хөөгдөхөд хэсэг бүлэг гишүүн УИХ дахь намын бүлгээсээ гарна гэж хэлдэг нь харин даажинтай. Б.Энхбаяр гишүүнийг биш, сонгогчдоо төлөөлж суугаа шүү, тэр нөхөд. 

Ганц намтай, тэр нь амьдрал, карьерт нь шууд нөлөөтэй байсан соц нийгмийн үед бол намаас хөөгдөх нь ноцтой үйл явдал. Одоо бол цаг өөр болсон. Намаас хөөгдөх ч яахав, намаас хөөхтэй зэрэгцэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаа  томилох нь бүүр ч шоглоомтой.

   Намын даргын сонгууль ид өрнөж байхад Б.Энхбаяр олны өмнө гарч ирж, ил тод дуугарч эхлэхдээ өрсөлдөгч хоёрын нэгнийх нь талд гарсан нь тодорхой харагдаж, УИХ-ын дарга руу улайран довтолж харагдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилоход өөр цаг үед бол гайхахгүй л байлаа. Сайн хуульч, энэ салбарт ажиллаж байсан туршлагатай. Салбар аваад явж чадахгүй гэж хэн нэгэн маргах шаардлага байхгүй.

Гол нь яагаад яг одоо, түүнийг гэж. Ерөнхий сайдын энэ үйлдэл нь Үндсэн хуулиа зөрчсөн гажуудал гэж зэмлэж байна лээ. Цэцэд хамаарах асуудал учраас үүнийг хойш тавья. Хамгийн гол нь яг энэ цаг үед Б.Энхбаярыг томилж байгаа нь олныг гайхшруулсан. Намын даргын сонгуулийн үр дүнд уурссан өшөө хорсол уу, нам доторх бүлэглэл фракцын дайн иймдээ тултал өндрөө авсны илэрхийлэл үү гэж хардахад хүргэж байна.

 Талцсан талуудын өрнөл дунд мөрөөрөө ажлаа хийж явсан Л.Мөнхбаатар сайдыг солин байж, Б.Энхбаярыг сайд болгох нь гэнэтийн бөгөөд цочир байлаа. Ядаж Л.Мөнхбаатар сайд ноцтой алдаа гаргасан байсан бол хамаа алга. “Өс хонзонгийн томилгоо” гэж зарим ажиглагч нэрлээд байгаа нь ч үйл явдалтай уялдаад байх шиг. Өрсөлдөгчөө “яллан” буулгаж авах гэсэн улс төрийн зорилго, айлгах тактик, өөр юу ч гэж нэрлэмээр юм. Хэрэв өс хонзонгоос үүдсэн томилгоо бол маш аюултай үр дагавартай. Хуучны ногоон малгайтнууд гэдэг шиг өш зангидсан томилгооны үр дүн зөвхөн дайсан руугаа чиглэхээс илүүтэй олон хүнийг хэлмэгдүүлэх он цагийн эхлэл болох вий. Тиймээс ч ардчилал устах вий гэж эмээн дуугарах буурал үстийн үг нэгийг бодогдуулсан юм. МАН-ын улс төрийн дайн өс хонзонгоор дүүрэн үйл явдалтай, нэг үе эрчээ авсан солонгос драма шиг л өрнөлөө. Шинэ ангиуд нь өдөр алгасахгүй гарахыг нь яана гээч.   

   Энэ талцал хэрүүл дунд маш ноцтой гэмт хэргийн чанартай мэдээллүүд хэд хоног л хөвөрлөө. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан буруугүй гэдгээ мэдэгдлээ. Нөгөө талд түүнийг буруутгаж байгаа. Монголын хууль шүүхийн байгууллагыг тартагтаа тултлаа буртаглагдсан гэж боддоггүйн хувьд гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийн хариулт үнэн, зөвөөр тодорно байх гэж найдаж байна. Албан ёсоор хуулийн байгууллага шалгаад буруутай гэж үзээгүй бол яаран дүгнэх эрт гэж үзлээ.  

Э.Бат-Үүлийн хэлснийг эш татсан маань ч хууль дээдэлдэг, ардчилалд хайртай хүн бүр нэгийг бодох биз хэмээснийх. Намын даргын төлөөх сонгуулиас эхлэлтэй гэх талцал цаашлаад улс орны хувь заяа руу чиглэх вий. Бидний үнэт зүйл гэж үздэг бүхэн үнс шороо мэт хаягдах вий.

 Ер нь томоохон үйл явц, дайн тулаан ч ашиг сонирхлоос эхэлдэг. Том, жижгээс үл хамаарна. “Өнөөдөр дайтмаар байна. Уйдаад байна” гээд эхэлдэг дайн гэж үгүй. Талцагч талуудын хэний ч талд оролгүй, мэдээлэлд цензуртэй хандаасай, олон түмэн минь. Үнэн гэдэг аль чанга дуугарч байгаа талд байдаггүй. Намын удирдлагын төлөөх өрсөлдөөнөөс эхлээд, институт хоорондын тэмцэл болж, парламент нь хурлаа хийх боломжгүй болох хэмжээнд бойкотлуулахдаа тулах нь хөөрч баясах хэрэг огт биш юм. Талцагч талууд болон гол дүрүүдийн тухайд сайн, муу хүн гэх хувь хүний тухайд ярих нь хэтэрхий жижиг асуудал. Аль аль нь хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид. Манай, танай тал болон нэгийг нь үзэн ядаж, нэгийг нь бурханчлах ч шаардлагагүй. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хэн нь ч  баруун, солгойгүй сэлэм эргүүлээд байдаг төрлийн хүмүүс биш. Харин хэн нэгэн нь өмнөөсөө “сэлэмчин” илгээвэл юу болох вэ…

0/1000