Өнгөрсөн долоо хоногт Нобелын энхтайвны 2025 оны шагнал хүртсэн Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Мариа Корина Мачадо Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн “улс дотроо дайн өрнүүлж буй” үйлдлийг зогсоохын тулд АНУ-аас дэмжлэг хүсжээ. Тэрбээр лхагва гарагт CNN-д өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Мадурог “Мансууруулах бодисын наймаа, терроризмын бүтцийн тэргүүн” хэмээн нэрлэж, түүнээс эрх мэдлийг нь булаан авахад “туслалцаа үзүүлэхийг” АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас гуйсан байна.
Мөн тэрээр Трампыг “Дэлхий даяар энх тайван тогтоож, түүхэн үйл явдал бүтээж буйнхаа төлөө Нобелын энхтайвны шагналыг хүртэх бүрэн эрхтэй” хэмээн үнэлжээ.
Нобелын энхтайвны шагналыг өнөө жил Доналд Трамп хүртэнэ гэж олон хүн бодож байсан боловч санаанд оромгүй шийдвэр гарч, Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Мариа Корина Мачадод уг шагналыг олгосон билээ. Тэгвэл АНУ болон Венесуэлийн хоорондын хурцадмал байдал ширүүсэж буй үед Мачадо уг мэдэгдлийг хийж байна.
Мягмар гарагт АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Венесуэлийн эрэг орчим дахь мансууруулах бодис тээвэрлэж явсан хөлөг онгоцнуудад цохилт өгсөн. Уг дайралтын улмаас зургаан хүн амь үрэгджээ. Тэр талаар асуухад Мачадо “Энэ бол хүмүүсийн амь насны тухай асуудал. Тиймээс энэ дайныг зогсоохын тулд бидэнд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусламж хэрэгтэй” гэж хэлжээ.
Хожим нь сэтгүүлч түүнээс “АНУ-аас цэргийн шууд оролцоо хүсэж байна уу” гэж асуухад, тэр тодорхой хариулт өгөөгүй ч Венесуэлд үзүүлэх Орос, Хятад, Куба болон Ираны нөлөөг бууруулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр Венесуэл улсыг террорист байгууллагуудын “аюулгүй диваажин” болсон гэж мэдэгдсэн байна. Трамп түүний хүсэлтэд хараахан хариу өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN

