Дубайгаас өнөөдөр өглөө ниссэн ачааны онгоц Хонконгийн олон улсын нисэх буудалд газардах үедээ эргүүлийн машинтай мөргөлдсөний улмаас нислэгийн зурвасаас гарч, далайд унасан байна. Уг ослын улмаас хоёр хүн нас баржээ.
Яаралтай тусламжийн албаныхан ослын газарт очих үед Туркийн “ACT Airlines” компанийн логотой “Боинг 747” загварын ачааны онгоц нисэх буудлын далангийн ойролцоох усанд хэсэгчлэн живж, онгоцны аврах гулсуур дэлгэгдсэн, хамар болон сүүл хэсэг нь салсан байжээ. Онгоцны салсан сүүл, урд хамарны доорх хэсэг нь дүрс бичлэгээс харагдаж байна.
Онгоцон дотор байсан нислэгийн багийн дөрвөн гишүүнийг аварсан байна. Харин онгоц газардах үед онгоцонд мөргүүлсэн эргүүлийн машин дотор байсан хоёр хүн нас барсан гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.
“Харамсалтай нь, тухайн үед нисэх буудлын хамгаалалтын эргүүлийн машин тэнд байсан. Онгоц газардахдаа эргүүлийн машинтай мөргөлдөж, машин далай руу түлхэгдсэний улмаас дотор нь байсан хоёр хүн амиа алдсан” гэж Хонконгийн олон улсын нисэх буудлын нислэгийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Стивен Юү мэдэгдэв.
Ослын дараа тус нисэх онгоцны буудлын хойд зурвасыг түр хаасан бөгөөд өмнөд болон төв зурвасууд хэвийн ажиллаж байгаа гэж Хонконгийн олон улсын нисэх буудал мэдээлжээ.
Эх сурвалж: CNN

