horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Луврын музейд хулгайч орж, хааны үнэт эдлэлүүдийг хулгайлжээ

post-img

2025 оны 10-р сарын 19 буюу ням гаргийн өглөө Дэлхийн хамгийн олон жуулчин очдог музейнүүдийн нэг Парисын Луврын музейд масктай дөрвөн этгээд халдаж, Францын XIX зууны үеийн хаад, хатдын үеийн асар үнэ цэнтэй үнэт эдлэлүүдийг хулгайлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээдүүд машиндаа суурилуулсан өргөгч шат ашиглан, Аполло галерейн цонхоор нэвтэрч, өнцөг таслагчаар шилэн хоргуудыг эвдэн, нийт 9 үнэт эдлэл хулгайлаад зугтжээ. Хулгайч нар 7 минутын дотор уг хэргийг үйлдээд, оргон зайлсан байв. Францын Цагдаагийн газар тэднийг эрэн сурвалжилж байна.

Аполло галерей бол Луврын музейн хамгийн алдартай үзмэрийн танхимын нэг. Энд Францын хаад, хатдын титэм, энгэрийн зүүлт, үнэт чулуу бүхий эдлэлүүдийг хадгалдаг юм. 

Гэмт этгээдүүд зугтахынхаа өмнө унаж ирсэн машинаа шатаах гэж оролдсон гэж нэгэн гэрч мэдээлжээ. Гэвч цагдаа нар аль хэдийнэ ирж байсан тул гэмт этгээдүүд машинаа шатааж амжилгүй мотоцикл унан зугтсан байна.  

Хулгайч нар цагдаа нараас зугтаж явахдаа III Наполеон хааны эхнэр Эжэни хатны титмийг газарт санамсаргүй унагасан байсныг олж авчээ. 1,354 ширхэг алмааз, 56 ширхэг маргад эрдэнэтэй энэхүү гоёмсог алтан титэм дээрмийн явцад гэмтсэн тухай прокурорууд мэдээлжээ. Харин Францын Соёлын яам “Хулгайч нар хэргийн газраас зугтахдаа уг титмийг албаар орхисон” гэж мэдэгджээ.

“Эдгээр үнэт эдлэл түүхийн дурсгалт өв учраас хэмжээлшгүй үнэ цэнтэй” гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Сэжигтнүүдийг барихын тулд бүх аргыг хэрэглэж байгаа” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

0/1000